1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Сэлнгэ, Хөвсгөл аймгуудад цас орсон. Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад салхины хурд 16-18 м/с, Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудад салхины хурд 24-40 м/с хүрч шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 8-13 м/с, нутгийн баруун хагаст 14-16 м/с, нутгийн зүүн хагаст 18-20 м/с, зарим үед 24 м/с давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +17…+22 градус, Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +6…+11 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +1…+3 градус дулаан байна.
Төлөв байдал: 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 21-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 20, 21-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Хонхор” өртөөний “Задгай” гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 09:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны “Баруун баян-Уул”-ын 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Ар Согоот”-ын 1 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 22:53 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн “Пажеро” загварын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны “Задгай” хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 23:56 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж 5 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Өндрөөс унах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Цэргийн хотхон” цонхоор өсвөр насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 08:38 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /13 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 4 дүгээр давхрын цонхны тавцан дээр гарч суусан байсныг эсэн мэнд буулгасан.
Төөрсөн, сураггүй болсон: Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн “Мэргэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 385 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ Тус сумын харьяат иргэн А 04.15-ны өдрийн 19:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.17-ны өдрийн 11:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн А /37 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус багийн Мэргэн-Уул, Баруун-Ураа, Зах-Ус, Цагаантүнгэ, Цоохор нуур, Цоохор нуурын баруун хөвөө гэдэг газруудаар 120 км-т зохион байгуулсан. 04.18-ны өдрийн 12:00 цагаас эхлэн Мэргэн багийн Хүдрийн-Улаан, Цагаан хоолой, Давсан хуурай, Халтмайн хар, Зах-Ус гэдэг газарт явганаар 50 км-т, автомашинаар 150 км-т эрэн хайх ажиллгааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:40 цагт түр зогсоосон.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Халиун-Энгэрийн мод толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ Тус сумын харьяат иргэн Б 04.18-ны өдрийн 18:00 цагт явганаар мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд иргэн Б /53 настай, эмэгтэй/-г 04.19-ний өдрийн 00:17 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 00:50 цагт тус багийн Халиун-Энгэрийн харгайт гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 6 км/-аас эсэн мэнд олсон.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Шугшаа”-гийн 7 дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Ө 04.18-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр, унтраах аврах 67 дугаар анги, цагдаагийн тасгийн алба хаагчид, Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Ө/21 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг 04.19-ний өдрийн 03:40 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 05:20 цагт түр зогсоосон.
Цас шаварт суусан: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хужирт багийн “Хужирт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 75 км-т/ Суудлын 2 автомашин /14 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 00:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчдыг очиход Сагсай сумын Даян багаас Улаанхус сумын чиглэлд зорчиж явсан 2 автомашин цасанд суусан байсан тул зорчигчдыг 18:00 цагт Улаанхус суманд хүргэж өгсөн.
4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Хүчтэй салхи шуурга: Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Захын говь” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ 04.18-ны өдрийн 06:00 цагийн орчимд салхины хурд 18-20 м/с хүрсний улмаас 1 гэр нурж унасан тухай мэдээллийг мөн өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Б-ийн 6 ханатай гэр нурсан тухай мэдээллийг Ховд сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР