Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорнод, Төв аймгийн нутгаар цас орж, Төв болон Говийн аймгуудийн ихэнх, зүүн аймгийн нийт нутгаар шороон шуурга шуурсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй.  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, нутгийн зүүн хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  +10+15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5+10 градус, бусад нутгаар 0+5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, +3+5 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-ний өдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 23-ны өдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар, 24-ний өдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Алтайн уулархаг нутгаар шөнөдөө -14-19 градус хүйтэн, өдөртөө -2+3 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -9-14 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0+5 градус, өдөртөө +12+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус дулаан байна. 24-ний өдөр нутгийн баруун  хэсгээр  дулаарна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 7 дугаар хэсэг дэх “Хөвсгөл” зочид буудлын гаднах автомашины зогсоол Суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 11:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Санта фе” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн “Хуучин” хорооллын байрны агааржуулалтын хоолойноос утаа гарч байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 22:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход агааржуулалтын хоолой дотор хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус орцны 16 иргэнийг аюулгүй газарт гаргаж ажилласан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн “Сүхбаатар хөгжил тохижилт” гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 23:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х20 метрийн хэмжээтэй гараашийн дээвэр, дотор нь байсан “Киа бонго” загварын ачааны автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 54 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Голын усанд осолдсон: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг /сумын төвдөө/ “Идэр” голын усанд 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 04.19-ний өдрийн 13:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид очиж, “Идэр” голын уснаас тус иргэн О /42 настай, эрэгтэй/-ын цогцсыг 16 минут ажиллан гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.            

Төөрсөн, сураггүй болсон: Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн “Мэргэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 385 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ Тус сумын харьяат иргэн А нь 04.15-ны өдрийн 19:00 цагийн орчим гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.17-ны өдрийн 11:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн А /37 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 04.19-ний өдрийн 12:50 цагаас мөн өдрийн 20:15 цаг хүртэл зохион байгууллаа. 04.19-ний өдрийн байдлаар Булган сумын Баянсудал багийн “Хар хад”, “Өлхөн-Өтөг”, “Халтмайн хар”, “Цагаан хоолой” гэдэг газраар  явганаар 60 км-т, “Хүрдын-Улаан”, “Давсан хуурай”, “Зах-Ус”, “Мэргэн-Уул” гэдэг газруудаар 60 км-т автомашинтайгаар эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 04.20-ны  өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.      

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Шугшаа” хэсгийн 7 дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Ө нь 04.18-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 01:40 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр, унтраах аврах 67 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан иргэн Ө /21 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 04.19-ний өдрийн 09:35 цагаас мөн өдрийн 21:40 цаг хүртэл зохион байгууллаа. 04.19-ний өдрийн байдлаар  6 бүлэгт хуваагдан Гурвантэс сумын Тост багийн “Улаан чулуу”, “Үүрт”, “Загт боом”, “Оёдол”, “Хөвийн хуруу”, “Товон толгод” гэдэг газруудад 40 км-ын радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 04.20-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

– Шороон шуурга: Увс аймгийн Завхан сумын Хяргас нуур багийн нутаг “Чулуун-Овоо” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс хойд зүгт 85 км-т/ 04.18-ны өдөр 24-27 м/с хүртэл шороон шуурга шуурсны улмаас 1 гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг 04.19-ний өдрийн 10:10  цагт хүлээн авсан. Завхан сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 04.19-ний өдрийн 13:15 цагт тухайн газарт очиж нөхцөл байдалтай нь танилцсан. Шуурганд малчин Б-ын 6 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top