Ослын үеийн удирдлагын системээр ажиллах аргазүйд суралцлаа

IMG_1349.jpg

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран “Онцгой байдлын үеийн шуурхай удирдлагын төв”, “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургалтыг энэ сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, нийслэлийн Засаг даргын тамгын газар, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, яам, агентлаг, ОБЕГ-ын удирдлага, алба хаагч нарын 200 хүнийг хамруулсан юм.

АНУ-ын Ойн албаны сургагч багш нар удирдсан тус сургалтаар “Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв”-ийн үүрэг, хор уршгийг арилгах ажиллагааны нийтлэг бэрхшээлүүд, ослын үеийн удирдлагын систем, үндсэн зарчим, бүтэц, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, цагийн байдлын дагуу ослын үеийн удирдлагыг хэрэгжүүлэх, ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах штабын дадлага хийж, ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх аргазүйд суралцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top