Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот /Налайх дүүрэг орчмоор/ болон Архангай, Дундговь, Өвөрхангай,  Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутгаар +2…+7 градус, Алтайн өвөр говь орчмоор +18…+23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +13…+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 27-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн газраар, 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд ихэнх нутгаар секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18 метр, бусад хугацаанд секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 02:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны хогийн цэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар хороолол хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 06:38 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гадна хогийн цэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

 – Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаанбэлчир багийн “Тухтын таг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 85 км, сумын төвөөс баруун хойд зүгт 22 км/-т 04.24-ний өдрийн 03:00 цагийн орчим эзэнгүй өвөлжөө бүрэн шатсан тухай мэдээллийг 04.24-ний өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын ажлын хэсэг малчин Б-ын эзэмшлийн 30х25 метрийн хэмжээтэй өвөлжөө /эзэнгүй/ шатсан гал түймрийн шалтгаан нөхцөл, хохирлыг тогтоох ажлыг зохион байгуулж ажилласан.

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Өрнөлт багийн “Хажуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км, сумын төвд/ Амбаар шатсан тухай мэдээллийг 04.24-ний өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд иргэн Т-ын 3х6 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 2 цаг 5 минут ажиллаж 11:30 цагт бүрэн унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 17:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 30х40 метрийн хэмжээтэй 3 давхар үйлчилгээний төвийн зориулалттай баригдаж байгаа барилгын 3 дугаар давхрын 6х10 метрийн хэмжээтэй өрөөний хананы хөөсөн дулаалга шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн 28 дугаар байр гал гарч байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 18:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын эзэмшлийн 1 өрөө байр доторхи эд зүйлсийн хамт шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 8 иргэнийг гаргасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Шар хоолойн “Шижирийн-Ам”-ны задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 17:44 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар, эд зүйлсийн хамт шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Өргөө булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 52 км, Орхон аймгаас баруун хойд зүгт 20 км/-т 04.23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан 3 хүн буцах замдаа автомашинаа шаварт суулгаж, мөн өдрийн 19:00 цагийн орчим 1 хүн нь тусламж дуудахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 03:01 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид иргэн Ү /60 настай, эмэгтэй/-г эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 10:33 цагт Орхон аймгийн төвөөс баруун хойд зүгт 20 км-т, Булган аймгийн Бугат сумын “Бухын даваа” гэдэг газраас эсэн мэнд олж Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Бор-Өндөр багийн/аймгийн төвөөс хойд зүгт 232 км, сумын төвд/ 04.24-ний өдрийн 18:00 цагийн орчим 7 настай эрэгтэй хүүхэд гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 23:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Т /7 настай, эрэгтэй/-ийг 04.24-ний өдрийн 23:47 цагаас эхлэн эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж 04.25-ны өдрийн 05:35 цагт хажуу айлын хашаанаас олж иргэн А-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top