Амийг нь аварсан “Алдар”-ын тамирчид Үербаатар хэмээх нэр хайрлажээ

343559771_145324251668705_6343984575105907162_n-1.jpg

“Эрдмийн далай” сонин энэ удаагийн дугаарын зочноор Онцгой байдлын сургуулийн Усан спорт сургалтын төвийн ахлах багш, дэд хурандаа Н.Үербаатарыг урьлаа.

Н.Үербаатар багшийн нэрийг анх сонсоод хүний нэр, эрхэлсэн ажил алба, зан араншин нь яаж зохицохоороо ийм адилхан байдаг юм бол хэмээн гайхаж билээ. Харин Үербаатар багш энэ бол хувь тавилан хэмээн хариулсан юм. Түүнийг ээж нь хэвлийдээ тээж байх үедээ 1966 оны их үерт өртөж, үхэл, амьдралын заагт урсаж явахад нь Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин-цэргүүд аварч, эх, үр хоёрт амьдрал бэлэглэжээ.

Тухайн үед аав нь тус спорт хорооны тамирчин байж. Хорвоогийн тоосыг хөдөлгөх хувьтай түүнийг 1966 оны аравдугаар сард дуугаа хадаан орчлонд мэндлэхэд амийг нь аварсан “Алдар”-ын тамирчид Үербаатар хэмээх нэр хайрласан байна. Ингэж л тэр ховорхон тавилангаар нүүгэлтэн шуугих их уснаас аврагдаж, Үербаатар нэртэй болсон түүхтэй. Яахын аргагүй гайхалтай хувь тавилан. Түүний аав С.Намсрай гуай Зэвсэгт хүчинд насаараа Биеийн тамирын албаны даргаар ажилласан, сагсан бөмбөгийн спортын олон улсын хэмжээний мастер, хошууч цолтой цэргийн хүн.

Харин ээж Ч.Цагаанлянхуа нь Зэвсэгт хүчинд ахлагч цолтойгоор насаараа зүтгэсэн, цанын спортын мастер хүн байжээ. Тэд хоёулаа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид байв. Иймээс Үербаатар багш цэргийн болон спортын гэр бүлд төрж, өссөн нь усчин аврагчдын багш болоход нөлөөлсөн нь дамжиггүй. Цол мөрдэс зүүж, эх орныхоо төлөө зүтгэх бахархлыг тэр багаасаа харж, цэргүүдтэй “тоглож” өссөн учир энэ албаны сайн сайхан, хүнд хэцүүг андахгүй сайн мэднэ. Мөн эцэг, эхийгээ дагаж багаасаа спортоор хичээллэсэн тул ирээдүйд аав, ээжийнхээ цэргийн мэргэжил болон тамирчин замналыг үргэлжлүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчин болохыг мөрөөддөг байв. Тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд ихэд чармайж, хичээлийнхээ хажуугаар цанын спортоор тууштай хичээллэж, улсын аваргаар удаа дараа шалгарч байжээ.

Тэрээр сурлага, спорт хоёртоо хичээсээр 1984 онд Эрдэнэт хотын нэгдүгээр арван жилийг төгсөж, ОХУ-ын Ленинград хотын Биеийн тамирын сургуульд элсэлтийн шалгалт өгсөн боловч тэнцсэнгүй. Нэг хаалга хаагдахад, өөр нэг нь нээгдэнэ гэгчээр хүссэн мэргэжлээрээ элсэн суралцах боломж олдоогүй ч хөрш зэргэлдээ их гүрнийхээ хэл соёлыг сайтар суръя хэмээн шийдэж, ОХУ-ын Техник, мэргэжлийн сургуульд Хүнд механизмын машинист мэргэжлээр элсэн 1984-1986 онуудад хоёр жил суралцсан байна. Энэ нь түүнд мөрөөдөлдөө хүрэх дараагийн үүд хаалгыг нь нээж өгөх учиртай байжээ. Сургуулиа төгсөөд эх орондоо ирсэн жилээ хугацаат цэргийн албанд морджээ. Зэвсэгт хүчний 028 дугаар ангид цэргийн алба хааж байсан түүнийг “Алдар” спорт хороонд цанын тамирчин байлдагчаар шилжүүлсэн байна.Орос хэл сурья хэмээн ОХУ-д суралцсан нь хэрэг болж, тэр цэргийн алба хааж байхдаа гадаадын цэргийн сургуульд элсэлтийн шалгалт өгч тэнцсэнээр 1987 онд мөрөөдөл болсон ОХУ-ын Ленинград хотын Цэргийн биеийн тамирын сургуульд цэргийн биеийн тамирын дасгалжуулагч-багш мэргэжлээр суралцах болжээ.

Түүний аав С.Намсрай 1988 онд биеийн тамирын офицеруудын мэргэжил дээшлүүлэх дээд курст суралцахаар Ленинградад ирж, хүүгийнхээ сургуульд нэг жил хамт суралцсан нь Үербаатар багшийн амьдралд тохиосон хамгийн ховорхон мөчүүдийн нэг аж.Ленинградад очсон эхний жилээ цанын спортоороо үргэлжлүүлэн хичээллэж байсан ч үндсэн хичээлүүдээ үзэхийн хажуугаар хөнгөн атлетик, гимнастик, сагсан бөмбөг, гар бөмбөг, усанд сэлэлт, цэргийн спортын гурван төрөлт, буудлага зэрэг бусад спортын чадварыг эзэмшиж, норм нормативыг хангаж сурах шаардлагатай болсон учир түүний ачаалал эрс нэмэгдэн хамгийн дуртай спортоо орхиход хүрчээ. Бие бялдрын норматив зэргийг хангах, ур чадвараа сайжруулахад заавал биечлэн тусгай бэлтгэл хийх шаардлагатай учир тэр сонирхлоо хойш тавьж, үндсэн хичээлдээ бүх анхаарлаа хандуулан шамдан суралцаж, 1992 онд их сургуулиа амжилттай төгсөн эх орондоо иржээ.

Ингээд Зүүнбаян дахь зэвсэгт хүчний 149 дүгээр ангид дэслэгч цолтой, биеийн тамирын албаны даргаар томилогдсон байна. Тухайн үед түүний аав Эрдэнэт хотын дивизэд биеийн тамирын албаны даргаар ажилладаг байжээ. Өөрийнх нь мэргэжлийг өвлөн замналыг үргэлжлүүлж буй хүүгээрээ ихэд бахархаж, “Эзэн хичээвэл заяа хичээнэ. Зоригтой, тууштай, хариуцлагатай байгаарай. Хичээл сургалтаа яг дүрэм журмын дагуу явуулж, зөв удирдаж, зөв чиглүүлж байгаарай” хэмээн захисан нь Үербаатар багшийн албандаа баримтлах нэг насных нь зарчим болжээ.

Цэргийн албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, норм нормативыг биелүүлэх, цэргийн биеийн тамирын төрлөөр сургаж, тэмцээн уралдаанд оролцуулах, албаны бэлтгэл сургуулилт хийлгэх үндсэн чиг үүрэгтэй биеийн тамирын албаны даргын үүрэгт ажлыг Үербаатар багш тасралтгүй 20 жил гүйцэтгэн ажилласан байна.Энэ хугацаандаа Монгол Улсын тухайн үеийн хоёрхон усан бассейны нэг болох Эрдэнэт хотын бассейнд усанд сэлэлтийн багшаар ажиллаж, усан спортын зэрэг цолтой тамирчдыг бэлтгэж, улс, тив, дэлхийн аварга, олимпийн тэмцээнд оролцуулсан арвин туршлагатай багш юм. Н.Үербаатар багш 2011 онд цэргийн албаа орхин MCS группийн Харуул хамгаалалт, аюулгүй байдлын менежерийн албан тушаалд томилогдож, удалгүй тушаал дэвшин Мэдээлэл зохицуулалтын менежер болсон аж. Тус албыг 2016 он хүртэл хашаад MCS группийн охин компани болох “Орчлон” Олон улсын сургуулийн биеийн тамир, усан спорт хариуцсан менежерээр ажиллах болжээ.

Усанд сэлэлтийн спорт нь хүнийг уян хатан, тэсвэр хатуужилтай, эрүүл чийрэг, гоо сайхан, өв тэгш, ухаан саруул болгодог. Усанд сэлснээр биеийн бодисын солилцоо нэмэгдэх, үе мөч, нурууны хөдөлгөөн сайжрах, чийрэгжих, стресс тайлагдах зэрэг олон талын ач холбогдолтой. Үербаатар багш сурагчдын эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт хийж, хүүхдүүдийг өөрийгөө болон бусдыг аврах эрдэмд сургасан гавьяатай нэгэн. Харин 2018 онд Онцгой байдлын ерөнхий газраас “Аврагч” биеийн тамир, спорт хороонд дасгалжуулагч-багшаар ажиллах санал тавьснаар төрийн тусгай албанд дахин зүтгэх болов.Хорвоод мэндлээ ч үгүй байхдаа байгалийн гамшигт өртөж, сайхан хүмүүсийн буянаар аврагдаж байсан тэрбээр өдгөө гамшиг аюулд өртсөн хүмүүсийг аварч хамгаалдаг, энэ цагийн эгэл баатруудтай мөр зэрэгцэн, усчин аврагчдыг сурган бэлтгэх, ур чадварыг нь сайжруулах үйлсэд зүтгэх болсноо ховорхон хувь тавилан хэмээн бэлгэшээнэ.

Аавынхаа захиасыг амьдралынхаа мөрдлөг болгон ажилдаа хариуцлагатай, яг дүрэм журмын дагуу гүйцэтгэхийг эрхэмлэдэг, зорьсон зорилгынхоо заавал ард нь гарахыг хичээдэг тэрбээр 2020 онд тушаал дэвшиж, “Аврагч” БТСХ-ны Биеийн тамир асуудал хариуцсан орлогч даргаар томилогдсон байна.Харин одоо тэрбээр хууль зүй, аюулгүй байдал, дотоод хэргийн салбарын төрийн тусгайлсан чиг үүрэгтэй албан хаагчдыг бэлтгэдэг Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагч, багш, албан хаагчдыг усанд сэлэх эрдэмд сургаж байна. Энэ талаараа “Би 2021 оны 10 дугаар сард Дотоод хэргийн их сургуульд сэлгэн ажиллах томилгоогоор ажиллаж байгаад 2022 оны 4 дүгээр сараас орон тооны ахлах дасгалжуулагч-багш болсон. Манай Их сургуулийн Усан спорт сургалтын төв нь шинэ дэвшилтэд технологи, техникийн хангамж бүхий 25 метр урт, 8 метр өргөн, 1.80-2.20 метр гүн сургалтын бассейн, мөн 10 метр урт, 6 метр өргөн, 4 метр гүнзгий Монголдоо анхдагч гүний шумбалт, аврах дадлага ажиллагааны сургалтын бассейнтай. Би өмнө нь Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг сургах чиглэлээр ажиллаж байсан бол одоо эх орны өнцөг булан бүрт хууль сахиулах, хил манах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шинжлэн магадлах, авран хамгаалах чиг үүргийг гүйцэтгэх ирээдүйн офицеруудыг усанд сэлэлтийн эрдэмд сургаж байна. Энэ нь тэдний мэргэжилд давуу тал болохоос гадна очсон анги салбартаа ирээдүйн сургагч офицерууд болох учир би сайн заагаад сайтар сургачихвал ирээдүйд төр, түмэн олонд минь хэрэгтэй. Тийм учраас би сонсогчдод чаддаг зүйлээ заахдаа урам зоригтой, баяртай байдаг. Миний шавь нар ард түмнийг аварч хамгаалах ирээдүйн эгэл баатрууд учир тэдний мэргэжлийн ур чадварыг сайжруулж байгаагаараа бахархдаг” хэмээн ярьлаа.

ДХИС-ийн сонсогчдоос гадна Онцгой байдлын салбарын алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх гүнзгийрүүлсэн сургалтыг ч Н.Үербаатар багш заадаг. Тус сургалтад онцгой байдлын салбарын бүс, төв, орон нутгаас албан хаагчид ирж, усан сэлэлтийн арга зүйн сургалтад хамрагддаг байна. Энэ цагийн эгэл баатрууд болох усчин аврагчдыг сурган бэлтгэх, чадваржуулах үйлсийн түүчээ нь болсон Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, спортын мастер, дэд хурандаа Н.Үербаатар багшийнхаа ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: Дотоод хэргийн их сургууль

scroll to top