Пакистаны терроризмтой тэмцэх албаны зэвсгийн агуулахад дэлбэрэлт болж олон хүн амиа алдав

64473aa28af55.png

Пакистаны баруун хойд хэсэгт терроризмтой тэмцэх албаны зэвсгийн агуулахад даваа гаргийн шөнө цуврал хоёр дэлбэрэлт болсны улмаас 13 хүн амиа алдаж, 50 гаруй хүн гэмтэж шархаджээ.

Пакистаны баруун хойд нутгийн “Swat” хөндийд байрладаг терроризмтой тэмцэх албаны байранд цуврал дэлбэрэлтүүд боллоо гэж мужийн цагдаагийн дарга Ахтар Хаят мэдээлжээ. Өмнө нь энэ хөндий лалын шашинтнуудын зэвсэгт бүлэглэлийн хяналтад байсан бөгөөд 2009 онд явуулсан цэргийн ажиллагаагаар засгийн газар хяналтдаа авсан байна. 

Харин цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн сүүлд гаргасан мэдэгдэлд зэвсгийн агуулахад гарсан түймэр нь “цахилгааны богино холболтын улмаас үүссэн бололтой. Гаднын дайралтын ул мөр одоогоор олдоогүй байна” гэжээ.

Дэлбэрэлттэй холбоотой бусад асуудлыг бид мөрдөн шалгаж байна гэж мэдэгдэлд мөн дурдсан байна.

Тус бүс нутагт зэвсэгт бослого гардаг тул Пакистаны цагдаа, цэргийн хүчнээс бүрдсэн терроризмтой тэмцэх албаны томоохон бие бүрэлдхүүнийг байрлуулдаг аж.

Дэлбэрэлтэд амиа алдсан хүмүүсийн ихэнх нь терроризмтэй тэмцэх албаны ажилтнууд байсан бөгөөд хажуугаар нь өнгөрч явсан нэгэн эмэгтэй болон түүний хүүхэд мөн амиа алдсан гэж цагдаагийн дарга А.Хаят мэдээлжээ.

Энэ хөндийд Нобелийн энх тайвны шагналт Малала Юсафзай 2012 онд буудуулж шархдаж байсан юм. Түүнээс гадна Пакистаны талибуудын бүлэглэлийн толгойлогч агсан Муллах Фазлулах энэ хөндийд төрсөн бөгөөд тэрбээр 2018 онд хөрш Афганистанд агаарын дайралтын үеэр амиа алдсан байна.

scroll to top