Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Архангай аймагт 18-20 м/с шороон шуурга шуурсан. Булган, Говь-Алтай, Орхон, Сэлэнгэ, Увс аймгуудад цас орсон. Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +4…+9 градус,говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +9…+14 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна. 

Улаанбаатар хотод:   Үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно,  салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 0 градус орчим байна.

Төлөв байдал: 28-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 5 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5 дугаар сарын 1-нд ихэнх нутгаар 16-18 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29, 30-нд ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +20…+25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +14…+19 градус дулаан байна. 5 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны “Зүүн ард-Аюуш”-ын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 02:04 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5х6 метрийн хэмжээтэй гал тогооны өрөө  шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.  

– Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн “Баруун дэнж”-ийн 4 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 09:45 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 4х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 1 цаг 3 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Баруун дэнж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 141 км-т, сумын төвөөс зүүн зүгт 28 км-т/ Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 10:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялгант тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 20х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 49 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 14 дүгээр байрны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 19:49 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж 5 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Ой, хээрийн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн  “Мэргэний давааны-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд очиж ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 20:48 цагт цурамд оруулж,  04.26-ны өдрийн 10:30 цагт  унтраасан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Задгай” /Сансар худалдааны төвийн урд талд/ Суудлын автомашин, ачааны автомашинтай мөргөлдөж суудлын автомашины жолооч нас барсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Хово” загварын өөрөө буулгагч автомашинтай Улаанбаатар хотоос Төв аймгийн Цээл сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн “Альфард” загварын суудлын автомашин мөргөлдөж суудлын автомашины жолооч иргэн Б /44 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.   

5. Ус цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга – Шороон шуурга: Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн “Хар тэрмис” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 90 км-т, сумын төвөөс баруун зүгт 53 км-т/    04.25-ны өдрийн 17:30 цагийн орчимд салхины хурд 18-24 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 1 барилгын төмөр дээвэр хууларсан тухай мэдээллийг хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын  “Хяргас” нуур дахь Усны сургалт, хяналт, дадлагын төвийн 12х16 метрийн хэмжээтэй байшингийн төмөр дээвэр хууларсан тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн.  

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн  “Тарвагат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн зүгт 24 км-т/   04.26-ны өдрийн 15:00 цагийн орчимд салхины хурд 18-20 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 2 гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин  Ж, С нарын 4 ханатай, 2 гэр нурж дахин ашиглагдах боломжгүй болсон тухай мэдээллийг тус багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top