“Монгол генералын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Үүний дараагаар УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзсан юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэ өдрийн гол утга агуулга нь эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрх, аюулгүй байдлын төлөө тангараг өргөж, хошуучлан зүтгэсэн эх орны эрэлхэг хөвгүүдээрээ бахархах, хүндлэн дээдлэх, тэдний дайчин уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх, Монгол бахархлыг сэрээн өдөөхөд чиглэдэг билээ. Манай улсын хувьд их гүрнүүдийн геополитик, геостратегийн сөргөлдөөний талбар болох эрсдэл бий. Тиймээс аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудад дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, удирдлага, зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бүрдүүлэхэд Эрхэм генерал та бүгдийн мэдлэг, туршлага, бодлого, зөвлөмж нэн чухлаар шаардагдаж байгааг онцлон тэмдэглэе. Эх орон, ард түмнээ батлан хамгаалагчдын дэрвэх туг, дээдлэх сүлд нь болсон эрхэм генералууд Та бүхэндээ идрийн золбоо, эр цэргийн хийморь, урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөе. Монгол генералын яруу алдар ямагт бадрах болтугай” гэлээ.
Монгол Улсын хэмжээнд Зэвсэгт хүчин, Цагдаа, Онцгой байдал, Тагнуул, Хилийн цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хүчний байгууллагууд хүндэтгэлийн арга хэмжээг ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн арга хэмжээг Тагнуулын ерөнхий газраас зохион байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.