Цаг агаарын аюултай үзэгдлийг хохирол багатай өнгөрөөсөн нь тус сумын малчин өрхүүд бүгд радио станцаар холбоо барьсаны ач тус гэнэ. Энэ талаараа Дундговь аймгийн зарим сумдад өнгөрсөн өдрүүдэд ажилласан Шадар сайд Ц.Оюунбаатарт малчид хэлж байв. Цаг агаарын аюулт үзэгдэл болох гэж байгааг малчид хоорондоо мэдээлж чадсанаар нөхцөл байдал хүндэрсэн үед холбогдох тусламжийг цаг алдалгүй авч чаджээ.
Аюулаас сэрэмжлүүлэн анхааруулах цогцолбор байгуулж, цаг агаарын мэдээг яаралтай хүргэснээс гадна 500 гаруй радио станцыг малчин өрхүүдэд тараасан аж. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт болсон цасан шуурганд малаа уруудуулахаас хамгаалж чадсан гэнэ.
Дундговь аймгийн Эрдэндалай сумын Засаг дарга Б.Лхагвамандал энэ талаар хэлэхдээ “Хүчтэй цасан шуурганы улмаас манай сумын ихэнх мал хотон дотроо цасанд дарагдсан. Иймд төрийн албан хаагчдыг дайчлан цасанд дарагдсан малаа гаргаж аваад байна. Станцын тусламжтайгаар хүн хүч дутмаг айлуудад тусламжийг цаг алдалгүй хүргэж чадлаа” гэсэн юм.
Энэ туршлагыг бусад сумдад хэрэгжүүлэх хэрэгтэйг Шадар сайд Ц.Оюунбаатар онцоллоо. Эрдэнэдалай сум шуургыг ямар ч хохиролгүй давж гарсан бол хөрш сум нь болох Адаацагт гэхэд л 12 мянга гаруй мал хорогджээ. Шадар сайд Ц.Оюунбаатар Эрдэнэдалай сумын малчидтай радио станцаар мөн холбоо барьсан юм. Энэ үеэр малчид “Радио станц нь зөвхөн байгалийн аюулт үзэгдлийг мэдээлээд зогсохгүй малын хулгайтай тэмцэхэд ихээхэн үр нөлөө үзүүлж байгаа” гэцгээж байлаа.
Малчдад одоо тулгамдаад байгаа асуудал нь малын өвс тэжээлийн дутагдал гэнэ. Иймд өвс тэжээлийг зээлээр өгөх боломжтой эсэхийг тодруулцгааж байв. Өөр нэг асуудал бол мал бэлчих бэлчээргүй болжээ. Өнгөрсөн долоо хоногт орсон цас тус сумын нийт нутагт 10 орчим см хүртэл даржээ. Мөн мал төлөлт эрт эхэлж байгаа нь ч бас нэг асуудал болоод байгаа аж.
Шадар сайд Ц.Оюунбаатар “Улсын нөөцийн өвсийг 100, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад тараасан. Тээвэрлэлтийн зардалд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан” гэлээ.