1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутаар баруун хойноос 7-12 м/с, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр +0…+5 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +5…+10 градус, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр +10…+15 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Туул голын хөндий, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21…+26 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас 6-11 м/с, +21…+23 градус дулаан байна.
Төлөв байдал: 5 дугаар сарын 2-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын өмнөд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 5 дугаар сарын 2 ноос нутгийн хойд хэсгээр сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +2…-3 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +17…+22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +8…+13 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн “Задгай” /аймгийн төвөөс зүүн зүгт 24 км-т, Налайх дүүргээс баруун зүгт 12 км-т/ Хаягдал шуудай, дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 14:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход хашаанд шуудай, дугуй шатаж байсныг 3 цаг 8 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн 6 дугаар гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 12:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Г-ын хашаанд өнжмөл шар өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны 12 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 22:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 4х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Булган аймгийн Булган сумын Булган багийн “Хужир толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 3 км-т/ Шинээр баригдаж байгаа барилгын хашаанд хар тос /лак/ шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 00:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход баригдаж буй барилгын хашаанд төмөр савтай хар тос шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийт хорооллын Гавжийн шандын “Задгай” байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 01:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 11х12 метрийн хэмжээтэй байшин, 8х14 метрийн хэмжээтэй гражын дээвэр шатаж байсныг ажиллаж тус тус унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн Юдэгийн дэнж гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.30-ны өдрийн 13:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 16:50 цагт унтраасан.
Увс аймгийн Давст сумын Торхилог багийн “Цагаанбулаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн зүгт 34 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.30-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Давст сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 20:17 цагт цурамд оруулсан.
Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн Туулын шугуй гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 143 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.30-ны өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, орон нутгийн иргэд 16:05 цагт унтраасан.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Завхан аймгийн Сонгино сумын Тариат багийн “Улаан давааны-Ар” гэдэг газар / аймгийн төвөөс хойд зүгт 232 км-т, сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ Тус сумын харьяат малчин М нь 04.29-ний өдрийн 08:00 цагт мотоциклоор малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.30-ны өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж малчин М /30 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 00:20 цагт тус багийн “Улаан давааны-Ар” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон.
Ус, шаварт суусан: Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Дунд цагааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 127 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ Идэр голын усанд ачааны автомашин суусан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 06:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Галт сумын чиглэлд 5 зорчигчтой (1 нь хүүхэд) зорчиж явсан иргэн Ц-ийн ЗИЛ-131 загварын ачааны автомашин усанд суусан байсныг татан гаргахаар ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР