Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Завхан, Увс, Хөвсгөл аймгийн нутгийн зарим хэсгээр цас орж, Дорнод, Ховд аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр +1+6 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +7+12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар +17+22 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +22+27 градус, бусад нутгаар +12+17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүсч, +8+10 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-ны өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-ний өдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-ны өдөр баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7-12 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2-7 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +2+7 градус, өдөртөө +12+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7+12 градус, өдөртөө +17+22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2+3 градус, өдөртөө +7+12 градус дулаан байна.

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 96 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 12:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 1 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.     

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн “Нарангийн-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал тйүмэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус сумын харьяат малчин Т-ын 4 ханатай 1 гэр, 5 ханатай 1 гэр, 1 мотоцикл, 6х25 метрийн хэмжээтэй малын саравч, малын бууц шатаж байсныг 4 цаг ажиллаж унтраасан.   

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Улиастайн 10 дугаар гудамжинд түлээний мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн  02:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 2м3 түлээний мод шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны задгай, /Тахилтын автобусны 3 дугаар буудал/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 02:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 10х15 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 03:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.     

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Увс аймгийн Давст сумын Торхилог багийн “Цагаанбулаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн зүгт 34 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.30-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Давст сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 20:17 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулж, 05.01-ний өдрийн 14:15 цагт бүрэн унтраасан. Түймэрт 7.5 га талбай шатсан.

Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн “Хавирга гоожуурын худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 11:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Чойбалсан сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж 05.02-ны өдрийн 05:00 цагийн байдлаар түймрийн баруун болон баруун хойд хэсгийн тархалтыг зогсоож, зүүн хойд хэсгийг унтраахаар ажиллаж байна.. Салхи 20:00 цагийн орчим тогтуун болсон.

Дорнод аймгийн Булган сумын Чулуут багийн Сэрүүн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 60 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид, Булган сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, Хөлөнбуйр сумын мэргэжлийн ангийнхан, Баянтүмэн сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, мөн өдрийн 19:30 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулж, 21:00 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 2400 га талбай шатсан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн  “Дунд цагааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 127 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ Идэр голын усанд 6 зорчигч /үүнээс 1 нь хүүхэд/-той ачааны автомашин суусан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 06:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчдыг очиход Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Галт сумын чиглэлд 6 тн хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж явсан “ЗИЛ-131” загварын ачааны автомашин “Идэр” голын усанд сууж, автомашины жолооч Ц /28 настай, эрэгтэй/, иргэн В /46 настай, эрэгтэй/, Т /42 настай, эмэгтэй/, Г /34 настай, эрэгтэй/, Ю /25 настай, эмэгтэй/, Г /4 настай, эмэгтэй/ нар   автомашиныхаа бүхээг дээр гарсан байсан тул  аврах завь ашиглан иргэдийг аюулгүй газарт гаргаж, мөн өдрийн 11:18 цагт автомашиныг нь татан гаргасан. 

5. Ус цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер – Гол, мөрний усны үер: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Өндөртолгой  хэсэг үерийн хамгаалалтын далан сэтэрч, айлууд голын усанд автаж болзошгүй тухай дуудлагыг 05.01-ны өдрийн 16:28  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Онцгой байдлын газрын алба хаагчид, Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд сэтэрсэн далангийн 50 метр хэсэгт 20 м3  шороо асган даланг сэргээж, 40 метрийн урттай шуудуу татаж голын усыг урсгаж, усанд автаж болзошгүй байсан 2 өрхийн 2 гэрийг аюулгүй болгосон. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top