1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул аймагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх Хүрэнбэлчир орчмоор -1…+4 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +9…+11 градус дулаан байна.
Төлөв байдал: 4-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 4, 5-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +12…+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +17…+22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна. Хугацааны сүүлээр дулаарна.
2.Гал түймэр:
– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 22:20 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 16 дугаар байрны урд зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 08:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн эзэмшлийн “Ниссан Тийда” загварын суудлын автомашины хөдөлгүүр хэсэг шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус эмнэлгийн хашаанд 3х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Хушаатын 3 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 23:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ийн 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 5 метр хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн Хавирга гоожуурын худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/-т, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 11:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 8, 9, 10 дугаар заставын алба хаагчид, Чойбалсан сумын мэргэжлийн ангийнхан орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж, 05.03-ны өдрийн 03:40 цагт цурамд оруулж, 05:10 цагт бүрэн унтраасан.
Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн Шургац гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 45 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-т хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 17:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж, 05.02-ны өдрийн 03:55 цагт цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 2 га талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР