Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт бороо, Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос  6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр -1…+4 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. +8…+10 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 5-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +12…+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +16…+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +6…+11 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх  багийн “Хонт бууц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км/-т Малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 07:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 12х8 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан бөгөөд тус гал түймэрт 40 толгой бог мал өртсөн.

Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган баг, Хустайн 1 дүгээр гудамжинд /аймгийн төвөөс зүүн зүгт 83 км, сумын төв/-д Иргэн К-ийн 5 ханатай гэр 05.03-ны өдрийн 10:02 цагийн орчим шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн К-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10:20 цагт бүрэн унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 20 дугаар гудамжинд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 15:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн хашаанд хураалттай мод шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороо, Баян хайрханы 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 16:26 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 5 ханатай гэр, 5 метр хашаа тус тус шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 14 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 5 ханатай гэр, 2 метр хашаа тус тус шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top