ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 1-8-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан Улсад хүний үйл ажиллагаатай холбоотой ослын үед ажиллах хариу арга хэмжээ, химийн бодисын ашиглалт, хадгалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдал, гал түймрийн аюулгүй байдлыг хангах талаар туршлага судалж, Франц-Казакстаны хамтарсан КАТКО үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байна.
Энэ үеэр химийн хорт болон аюултай бодис, цацрагийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй ослын үед ажиллах дадлага, сургалтад хамрагдаж, харилцан туршлага солилцлоо.
Мөн тус улсын Туркестан мужийн Сузак дүүргийн удирдлагууд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, бүс нутгийн онцлог, эдийн засгийн гол салбар болох уул уурхайн үйлдвэрлэлийн талаар танилцуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.