Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цастай байгаагаас 17 аймгийн 62 сум “Цагаан зуд”-тай, 15 аймгийн 51 сум “Цагаанаар зудархуу” байгаа юм. Түүнчлэн мал төлөлтийн цаг болж байгаа учраас малын хорогдол нэмэгдэх магадлалтай байгаа юм.
Энэ цаг үед малчдадаа туслах гэсэн халуун сэтгэлээр А.Одгэрэл захиралтай “Улаанбаатар фүүр” ХХК-ийн хамт олон хурга ишигний нэмнээ 880 ширхэг, хурганы уут 30 ш, үхрийн нэмнээ 30 ш, тугалын нэмнээ 42 ш, дэгтий 1, мотоциклийн үслэг суудлын бүрээс 3 ш, бэлхэнцэг 3 ш, бээлий 10 хос, ханцуйвч 1 ширхэг, нийт 1000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэснээ өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө.
Үслэг эдлэл үйлдвэрлэдэг тус үйлдвэрийн хамт олон эдгээр бараа бүтээгдэхүүнийг 3-р сарын 05-наас эхлэн оёж эхэлсэн гэнэ. Халуун сэтгэлийн хандиваа хүлээлгэн өгөх үеэр тус компанийн менежер Э.Батцэнгэл “Цаг агаарын бэрхшээлтэй энэ үед бид малчиддаа туслах зорилгоор эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн. Малчид маань төлөө бүрэн авч, монголын мал сүрэг улам өсөөсэй гэж хүсч байна” гэсэн юм.
Хандивыг хүлээж авсан Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Ц.Бямбарагчаа “Зудтай аймгийн тоо одоо хэдийгээр багасч байгаа ч гэсэн төллөлт эхэлсэнтэй холбогдуулан малын хорогдол нэмэгдэж байна. Энэ үед та бүхний энэхүү тусламжийн бараа бүтээгдэхүүн бол малчин иргэдэд маш хэрэгтэй зүйлүүд юм. Та бүхний халуун сэтгэлийн энэ тусламжийг бид хэрэгтэй газар нь хүргэн өгч, эргэн мэдээлэх болно” гэлээ.