Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Ховд аймгуудад цас, Завхан, Увс аймагт бороо орсон.  Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 5-10 м/с. Их Нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор +1…+6 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +8…+13 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +20…+25 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 3-8 м/с. +19…+21 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос 7-12 м/с. Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -6…-11 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7…+12 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан,  өдөртөө  Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +2…+7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +22…+27, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 16 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 13:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 20 метр орчим хашаа, 0.2 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо, Согоотын 77 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 4 ханатай гэр, 8 метр орчим хашаа шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн Ж /69 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Саппорогийн задгай шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 18:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.5 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нүхтийн задгай шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 19:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход О-ийн хашаанд 0.1 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр баг, “Халтар-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/-т ОХУ-ын Тува Улсад  гарсан хээрийн түймэр  Монгол улсын хил давах магадлалтай байгаа тухай мэдээллийг 05.07-ны өдрийн 23:21 цагт Хилийн цэргийн байгууллагаас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход х хээрийн түймэр 400 метр хил давж орж ирсэн байсныг унтраахаар ажиллаж байна.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн “Үнэгт-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 450 км, сумын төвөөс баруун хойд зүгт 130 км, Өмнөговь аймгийн Ханбогд сумаас зүүн зүгт 100 км/-т Том оврын ачааны 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах алба хаагчдыг очиход  иргэн Б /41 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашин, иргэн Ам /42 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Норд бенз” загварын том оврын ачааны автомашинтай мөргөлдөж, жолооч Б /41 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул 05.07-ны өдрийн 12:35 цагт цогцсыг гаргаж, Дорноговь аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, “Чингисийн хаалга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 8.5 км, сумын төв/-д Суудлын 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 16:08 цагт хүлээн авсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход Хэнтий аймгийн Хэрлэн сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Д /27 настай, эрэгтэй-ын жолоодож явсан “Стана” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд иргэн Ж /42 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Форд” загварын /2 зорчигчтой/ суудлын автомшинтай мөргөлдөж, “Стана” загварын суудлын автомашины жолооч Д/27 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсан тул 16:21 цагт эсэн мэнд гаргаж, тус аймгийн Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

Өндрөөс унах: Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Нарны гүүрэн дээрээс 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 16:53 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Д /29 настай, эрэгтэй/ гүүрэн дээрээс үсрэх гэж байсныг аврах тавцан ашиглан 17:18 цагт эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусан: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Улаагчин” багийн “Улаагчийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвөөс баруун урд зүгт 65 км/-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 19:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан очиход тус аймгийн иргэн С /42 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Истана” загварын /4 зорчигчтой/ суудлын автомашин цасанд сууж гаргах боломжгүй байсан тул иргэдийг тээвэрлэн сумын төвд хүргэсэн.

5. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Цас, нойтон цас: Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир баг, “Өвөлжилтийн хөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/-т Айл өрхүүд цасанд боогдож, мал бэлчээрт гарах боломжгүй болсон тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход өвс тэжээл хүргэхээр явсан иргэн Б/53 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан /3 зорчигчтой/ суудлын автомашин эвдэрч, тухайн автомашинд зорчин явсан иргэд сураггүй болсон гэсэн мэдээллийг хүлээн авч, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан 19:15  цагт сумын төвөөс баруун урд зүгт-20 км/-т “Цагаан устийн-Эх” гэдэг газраас эсэн мэнд олж, сумын эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн. Мөн тус сумын Хөх бэлчир багийн “Сэртэнгийн-Ам”, “Цагаан устийн-Эх гэдэг газруудаар 4 км газар цас ухаж зам гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top