Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Баян-Өлгий, Өмнөговь, Увс, Ховд, Хөвсгөл, Завхан аймгуудад хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр  баруун хойноос, бусад нутгаар  баруун өмнөөс 5-10 м/с, говь, талын нутгаар  12-14 м/с хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +1…+6 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, голын хөндийгөөр +6…+11 градус, Орхон, Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын хөндий, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +20…+25 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи зүүн өмнөөс 4-9 м/с, шөнөдөө Яармаг сонгины орчмоор +1…+3 градус, бусад хэсгээр +7…+9 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар,  говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос 6-11 м/с, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан,  Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +18…+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +22…+27 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус +15…+20 градус дулаан байна. 

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баянхөөвөр багийн “Задгай”Хүнсний дэлгүүрийн агуулахад бараа материал шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 06:59 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын хүнсний дэлгүүрийн 2х3 метрийн хэмжээтэй агуулахад хүнсний бараа, цаасан хайрцаг шатаж байсныг 44 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Хувьсгалчид”-ын 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 12:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5 ханатай гэр бүрэн, 8х10 метрийн хэмжээтэй байшингийн баруун талын хэсэг хайрагдаж, иргэн М-ын 5 ханатай гэр, хураалттай банз 3 м3, 5 метр орчим урт хашаа шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 04:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 13 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн “Манхан толгой”-н “Задгай” өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 06:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр багийн “Халтар-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад  гарсан хээрийн гал түймэр  Монгол Улсын хил давж болзошгүй байгаа тухай мэдээллийг 05.07-ны өдрийн 23:21 цагт Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн жижүүр мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход хээрийн гал түймэр орж ирсэн тул унтраахаар ажиллаж 10:55 цагт цурамд оруулж, 14:05 цагт бүрэн унтраасан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн “Замчдын-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 165 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 15 км-т/   Ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж 1 хүн төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 05.08-ны өдрийн 07:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход  Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Хэрлэн сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ж-ын “ZZ3257-Хово”  загварын өөрөө буулгагч автомашины араас, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Жартгалтхаан сумын чиглэлд  зорчиж явсан иргэн Д-ын “Истана” загварын микро автобус мөргөж тухайн автомашины жолооч иргэн Д /28 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг иргэн Б нь 05.05-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 20:34 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид иргэн Б /87 настай, эрэгтэй/-г 05.08-ны өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:50 цагт тус сумын 6 дугаар багийн “Чойлингийн хийд” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 9 км/-аас эсэн мэнд олсон. 

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багийн Хуурай салааны-Ам гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 270 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь 05.07-ны өдрийн 10:00 цагийн орчимд явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.08-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б /44 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15:40 цагт тус багийн “Хар-Ямаат” гэдэг газар /гэрээс нь зүүн хойд зүгт 5 км/-аас эсэн мэнд олсон. 

Цас шаварт суусан: Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн Ганц модны шил гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 -км-т, сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 05.08-ны өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Манхан сумаас Ботгон багийн чиглэлд 5  зорчигчтой (3 нь хүүхэд) зорчиж явсан иргэн Ж-ийн “Приус-11” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 12:45 цагт татан гаргасан.    

5. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Цас, нойтон цас: Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн “Өвөлжилтийн хөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/   Айл өрхүүд цасанд боогдож, мал бэлчээрт гарах боломжгүй болсон тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход өвс тэжээл хүргэхээр явсан иргэн Б/53 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “УАЗ-31512” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин эвдэрч, тухайн автомашинд зорчин явсан иргэд сураггүй болсон гэсэн мэдээллийн дагуу эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан 19:15  цагт “Цагаан устийн-Эх” (сумын төвөөс баруун урд зүгт-20 км) гэдэг газраас эсэн мэнд олж сумын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн. Мөн тус сумын Хөх бэлчир багийн “Сэртэнгийн-Ам”, “Цагаан устийн-Эх” гэдэг газар цас ухаж 4 км урттай зам гаргасан. 05.08-ны өдөр Шивэр багийн “Баянбулаг”-ын давааны 6 км газар цас ухаж зам гаргасан.  

Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн “Хойд шил” гэдэг газар /аймгийн төвөөс урд згт 140 км-т, сумын төвөөс баруун зүгт 130 км-т/ 3 айл өрхийн 3500 бог мал цасанд боогдож бэлчээрлэх боломжгүй байгаа тухай дуудлагыг 05.08-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, сумын хүн Эмнэлгийн ажилтнууд Гүвээ багийн “Хойд шил” гэдэг газрын чиглэлд явж 130 км зам туулан 14:55 цагт очиж, 3 хүн (2 нь хүүхэд)-ийг сумын төвд хүргэж ирсэн. Тухайн айлуудын мал бэлчээрлэх боломжгүй, 110 мал хорогдсон, малыг тээвэрлэн нүүлгэн шилжүүлэх боломжгүй тул үлдээсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top