С.Ганбаяр: Хүн хоорондын харилцаа итгэл дээр тогтдог

viber_image_2023-04-13_15-56-58-746.jpg

“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн дугаарт Булган аймгийн Онцгой байдлын газрын Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч С.Ганбаярыг урьлаа.  Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байна. 2001 онд анх Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн /одоогийн Булган аймгийн Онцгой байдлын газар/ Гал унтраах 20 дугаар ангид шүхэрчин гал-сөнөөгчөөр томилогдон, ажлын гараагаа эхлүүлсэн. Үүнээс хойш Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагч, Эрэн хайх, аврах салбарын дарга, Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2022 оноос Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа юм.       

Солонгын 7 өнгөнөөс  өөрийгөө аль өнгөтэй зүйрлэх вэ? Яагаад энэ өнгөтэй зүйрлэх болов?

Цэнхэр, цагаан өнгөтэй зүйрлэдэг. Цэнхэр өнгө бол ажлын, албаны онцлог. Харин хүнд хар буруу санадаггүй, хэлэх үгээ шууд хэлж санаагаа амраадаг зантай маань цагаан өнгө холбоотой байх.

-Хүний хүсэл, сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу?

Аялах хоббитой. Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт болон түүхийн холбогдолтой дурсгалт газрууд, цаашлаад дэлхийн улс орнуудаар гэр бүлтэйгээ хамт аялж, хүүхдүүддээ сайхан дурсамж үлдээхийг хүсдэг.

-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?

Манайх ам бүл зургуулаа. Эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Амьдралын үргэлжлэл болсон үр хүүхдүүдээ сайн, сайхан амьдрах боломжийг нь бүрдүүлж өгөх юмсан гэж хичээдэг болсон.  Нөгөө талаар ажилдаа эзэн байхыг чухалчилдаг. Үүрэг даалгаврыг суралцах “багш” гэж бодож хийвэл өөрийнхөө ур чадварыг нэмэгдүүлэх боломжтой байдаг.

-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтанд хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол?

Дарга ч бай, цэрэг ч бай хүн хоорондын харилцаа итгэл дээр  тогтдог гэж боддог. Аливаа даалгасан ажлыг итгэл алдахгүй цаг хугацаанд нь өөрийнхөө хэмжээнд бүх боломжоо дайчлан хийчхээд нүүр бардам зогсож байх шиг санаа амар зүйл байдаггүй. Үүрэг даалгавар авч ачаалалтай байна гэдгийг давхар хөгжих боломж гэж харах хэрэгтэй. Итгэсэн бас энэ л чадах байх гэсэн хүндээ илүү үүрэг оногдуулдаг юм шиг санагддаг ш дээ.

–Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг хурцалдаг вэ?

 Магтаалд дургүй хүн гэж байдаггүй. Нөгөө талаар  ажил хийж байгаа  хүн алддаг. Түүнээсээ болоод зэмлүүлэх, шүүмжлүүлэх зүйл ч зөндөө гарна. Гэхдээ зөвөөр хүлээн авч, сэтгэлийн хаттай, өөдрөг, өөртөө сургамж болгоод сурчихвал өөрт болоод өрөөлд ч амар байдаг гэж боддог.

-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

   Өвчин, зовлонгоос бусад бүх зүйлээс аз жаргалыг мэдэрч болно. Тухайн хүний харах өнцөг, хүлээн авч байгаа  сэтгэлзүйгээс хамаардаг гэж ойлгодог. Юу тарина, түүнийгээ хураана гэдэг үгтэй адилтгаж болох юм.

-Таны бахархал?

    Хоёргүй сэтгэлээр зүтгэж, амьдралынхаа залуу насыг зориулан ажиллаж байгаа Онцгой байдлын алба, хамт ажиллаж байгаа алба хаагчдаараа бахархдаг. Онцгой байдлын байгууллага маань жилээс жилд, өдрөөс өдөрт өргөжин, ард иргэдийнхээ итгэл найдварыг тээн, олон улсын түвшинд үүрэг гүйцэтгэж байгаа минь энэ албаараа гоёх хамгийн том шалтгаан.

-Таныг цэргийн хүнээс гадна өөрөөр юу гэж тодорхойлж болох вэ?

 Сайн хамтрагч гэж тодорхойлж болох юм. Анх найзуудынхаа санал болгосноор Онцгой байдлын албанд хөл тавьж байлаа. Түүнээс хойш хамтран үүрэг гүйцэтгэж байсан, үүрэг гүйцэтгэж байгаа удирдлага, хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

scroll to top