Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дархан, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймагт бороо орж, Архангай аймагт түр зуур шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос 5-10 м/с, говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +21…+26 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. +17…+19 градус дулаан байна.

Төлөв байдал: 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 13-нд нутгийн зарим газраар, 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын-Эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +11…+16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +25…+30 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +17…+22 градус дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-наас ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжит баг, “Булагтын- Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 68 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 09:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 6х4, 4х5 метрийн хэмжээтэй 2 байшин шатаж байсныг 52 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан баг, Булгийн 5 дугаар хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 14:57 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн О-ийн 4х7 метрийн хэмжээтэй байшин, “ Ельф” загварын ачааны автомашины бүхээг, “Креста” загварын суудлын автомашины хаалга шатаж байсныг 59 минут ажиллан унтраасан.

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Баян баг, Эхэн бүрд гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 43 км, сумын төвөөс баруун урд зүгт 32 км/-т  Малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 04:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ын 15х10 метрийн хэмжээтэй малын хашаа, саравч шатаж байсныг бүрэн унтраахаар ажиллаж байна.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Автозамын тээврийн осол: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх баг, “Соёмбо цогцолбор” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 4.2 км, сумын төв/-д Суудлын автомашин ачааны автомашинтай мөргөлдөж автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 23:06 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Алаг-Эрдэнэ сумаас Мөрөн сумын чиглэлд иргэн Л /58 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Старикс” загварын ачааны автомашин эвдэрч замын хажууд зогсож байсан бөгөөд тус автомашины араас “Соёмбо цогцолбор” гэдэг газраас Мөрөн сумын чиглэлд иргэн А-ын жолоодож явсан “Кровн” загварын суудлын автомашин мөргөж, А /19 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гарган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгсөн.

4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга – Хүчтэй салхи шуурга: Архангай аймгийн Хашаат сумын Баян баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км, сумын төв/-д 05.11-ний өдрийн 15:00 цагийн орчимд түр зуур 22-24 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны дээвэр хийсч унасан тухай мэдээллийг тус сургуулийн захирал 05.11-ний өдрийн 19:35 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.Тус сумын Засаг даргаар ахлуулсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж нөхцөл байдалтай танилцсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top