Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Архангай, Булган, Дархан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймагт бороо, Баян-Өлгий, Дорнод, Завхан, Өмнөговь, Увс, Ховд, Хэнтий аймагт цас орж, Баянхонгор 12-22 м/с, Дорноговь 10-12 м/с, Өмнөговь 15-20 м/с  шороогоор шуурсан.         

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Өдөртөө +9…+11 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд  төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд ихэнх нутгаар 19-20-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +11…+16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +15…+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +5…+10 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Онгоцон-Ухаа” багийн “Ноёхон” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 132 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/-т Малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 11:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х10 метрийн хэмжээтэй малын саравч, бууц шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 7х3.5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн  21:23 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Ойн түймэр: Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн Адарга-Уул гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/-т Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.14-ний өдрийн 18:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Дадал, Биндэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 05.15-ны өдрийн 08:59 цагт ойн түймрийг цурманд оруулан 17:30 цагт бүрэн унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн  “Бургастайн-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 75 км, сумын төвөөс урд зүгт 50 км/-т “Бургастайн гол”-ын усанд  /3 зорчигчтой/ ачааны автомашин суусан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 05:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Ховд аймгийн Жаргалант сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд иргэн А /48 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан Исузу Форвард загварын ачааны автомашин /3 зорчигчтой/ Бургастайн гол-ын усанд суусан байсныг 06:00 цаг ажиллан татан гаргаж хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top