Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +10…+15 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +21…+26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, +16…+18 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, нойтон цас орно. Салхи 18-нд ихэнх нутгаар, 19-20-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +15…+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны “Зүүн салаа”-ны  “Задгай” граж шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 08:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 60х6 метрийн хэмжээтэй гражын дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны “Зүүн баян-Уул”-ын 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Биндэр сумын Мандалхаан багийн “Цагаан-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ Малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 09:32 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход малчин Ө-ийн малын бууц, хураасан аргал шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан-Эрэг багийн 1 дүгээр гудамжны “Задгай” байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 22:05 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн “Үйлдвэрийн” хэсэгт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 23:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 1 метр урт хашаа шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны  “Зүрх-Уул”-ын 3 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 02:48 цагт хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн “Портер” загварын автомашин, хураалттай банз тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top