АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн /NIH/ судлаачдын гарган авсан томуугийн универсаль вакцины эмнэлзүйн туршилтыг тус улсад эхлүүлжээ.
Гарган авсан вакцин нь томуугийн олон төрлийн вирусээс хамгаалж, урт хугацаанд дархлаа тогтоож, улмаар хүмүүс жил бүр вакцин хийлгэх шаардлагагүй болно гэж эрдэмтэд найдаж байна.
Уг вакцин нь “Moderna”, “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакцинуудтай адил матрицын РНХ /рибонуклейн хүчил/ дээр суурилсан байна. “NIH” нь “Moderna”-гийн хэрэглэсэн мРНХ платформыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.
Эмнэлзүйн туршилтад сайн дураар оролцох хүмүүсийг Хойд Каролина муж улсын Дарем хот дахь Дьюкийн их сургуульд элсүүлж эхэлжээ. “NIH”-ийн мэдээлснээр, нэгдүгээр үе шатны энэ туршилтаар “H1ssF-3928 mRNA-LNP” нэртэй туршилтын вакцины аюулгүй байдал, дархлааны хариу урвал үүсгэх чадварыг шалгана.
Туршилтад 18-49 насны, эрүүл саруул 50 хүртэлх сайн дурынхныг хамруулах бөгөөд тус бүр 10 оролцогчтой судалгааны гурван бүлэгт 10, 25, 50 микрограмм туршилтын вакциныг тарина. Улмаар холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийж, зохих тунг тодорхойлсны дараа нэмэлт 10 оролцогчийг бүртгэх ажээ.
Судалгаанд мөн улирлын томуугийн эсрэг одоогийн хэрэглэж буй вакцинд хамрагдах хэсэг оролцогчийг хамруулна. Ингэснээр судлаачдад туршилтын вакцин болон улирлын томуугийн эсрэг вакцины дархлаа үүсгэгч чанар, аюулгүй байдлыг шууд харьцуулах боломжтой болно гэж “NIH” мэдээлсэн байна.
Эх сурвалж: montsame.mn