Аав бүхэн хүүхдэдээ баатар. Хийж байгаа ажил, хүнтэй харьцаж байгаа хандлага, бусдад тусалж байгаа сэтгэл гээд бүхнийг үлгэрлэн дуурайдаг. Энэ зарчим нь өвлөгдөн үеэс үед дамжин удамшдаг жамтай. “Аав шигээ л хүн болно доо” гэсэн мөрөөдөл өдгөө түүнийг Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэх хамгийн том хөшүүрэг нь болжээ. Түүнийг Дүүгийн Нямдаваа гэдэг. Тэрбээр Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгчөөр ажиллаж байгаа юм.
– Өөрийг тань аавынхаа хүсэл, өөрийнхөө мөрөөдлийг биелүүлсэн удам дамжсан цэргийн хүн гэж хамгийн эхэнд тодотгох нь зүйтэй байх?
Аав минь Хилийн цэрэгт үүрэг гүйцэтгэж байгаад хошууч цолтой гавьяаныхаа амралтад гарсан. Миний “баатар” миний аав. Тийм болохоор хүүхдүүдийнхээ баатар нь болохын тулд цэргийн хүн болсон түүхтэй. Хүн бүрийн зүрхэндээ нандигнадаг харилцаа байх гэж боддог. Анх 2012 онд томилогдсноос хойш өдгөө 11 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Хонх тачигнаад, дуудлага ирэхээр анх яахаа мэдэхгүй сандардаг юм билээ. Өмнө нь бэлтгэл, сургууль хийгээд байсан хэрнээ л нэг тийм сонин мэдрэмжийг авч, өдөржингөө түгшүүртэй явж билээ. Ажлын туршлага, сургамж, байнгын бэлтгэл гээд жил ирэх бүр л айдсаа даван туулж, сандралаа багасгаж, туршлагажиж байна даа.
-Нутаг орны онцлогоос шалтгаалан зонхилон тохиолдох аюул, ослын төрөл өөр, өөр байдаг. Өөрийн тань хувьд ихэвчлэн ямар дуудлагаар үүрэг гүйцэтгэж байна вэ?
Ахуйн хүрээний гал түймрийн дуудлага зонхилдог. Мөн мал, амьтны гоц халдварт өвчин гарна. Олон хоногоор постод үүрэг гүйцэтгэнэ. Хавар, намартаа салхи шуурга ихтэй учраас иргэд төөрөх, малтайгаа уруудах тохиолдол их. 2018 онд Сэлэнгэ аймаг, 2020 онд Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрийн дуудлагад очиж үүрэг гүйцэтгэж байлаа. Говийн хүнд ойн түймэр сүрдмээр юм билээ. Олон сайхан туршлагатай алба хаагчдаасаа суралцаад, хамтран ажилласан. Хэзээ, хаана ч үүрэг гүйцэтгэж болно. Тухайн нөхцөл байдлаас хамаараад шинэ зүйлийг сурах, сурсанаа бататгах зэргээр ур чадвар нэмэгдэж байдаг.
–Шантарсан ч түүнийг даван туулах чадвар, тууштай байдал их чухал юм шиг..?
Тийм шүү. Нөгөө талаар өөрийгөө ялан дийлэх чадвар байх. Сэтгэлзүй, бие бялдрын бэлэн байдлыг хангахад спорт хамгийн чухал. Спорт хүнд тэвчээр хатуужил болоод бодол санаагаа цэгцлэхэд хамгийн том “багш” болдог. Миний хувьд Гал унтраах техникийн олон төрөлт спортоор 2012-2017 он хүртэл таван жил хичээллэж, спортын мастер цол хүртсэн. Мөн 2010 оноос хойш орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа сагсан бөмбөгийн спортын тэмцээн, уралдаанд тогтмол амжилттай оролцож байна.
-Төрийн болон хууль сахиулах байгууллагын хорь гаруй мянган цэнхэр дуулгатнуудын нэг нь та. Үүрэг гүйцэтгээд очих, үүргээ гүйцэтгээд ирэх хоёрын заагт ч их ялгаа анзаарагдсан байх?
2017 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгээд ирсэн. Биднийг очиход тэр хуаранд 100 гаруй мянган хүн байсан бол буцахад 130-аад мянга орчим болсон. Холын эргүүл, нисэх онгоцны хамгаалалт, НҮБ-ын ажилчдын аюулгүй байдлыг хангана. Их халуун. Өдөртөө +50 градус хүрнэ. Гэхдээ говийн хүн болохоор хурдан дассан. Эрх чөлөөтэй эх оронтой, уудам дэлгэр зон олонтой бид азтай хүмүүс. Өөрт оноогдсон үүргээ нэр төртэй биелүүлээд, хичээх л юм бол амьдрал үнэхээр сайхан. Бүх зүйлийг эерэгээр харж, бусдад тусалж, ажилдаа эзэн болж явахад амжилт цаг хугацааны л шалгуур байх гэж ойлгодог.
-Хүн бүрт өөрийн гэсэн онцлог, давуу чанарууд байдаг. Таныг илэрхийлдэг зан чанарууд гэвэл..?
Даруухан. Халамжит хань, сайн аав байхыг хичээж амьдардаг. Арван нэгэн хүүхэдтэй айлын 10 дахь нь. Олон ах, эгч нартай өссөн болохоор гэр бүлийн хүмүүжил сайтай. Мөн хүний арга эв олох, хөрвөх чадвар багаас төлөвшсөн нь давуу тал болдог байх. Манайх ам бүл тавуулаа. Эхнэр, хоёр хүү, охины хамт амьдардаг. Эхнэр Д.Отгонцэцэг Даланзадгад суманд хувираа бизнес эрхэлдэг. Хоёр хүү ерөнхий боловсролын сургуульд, охин маань цэцэрлэгт суралцаж байна. Алба цаг наргүй, шөнө өдрийг ялгалгүй хэзээд ч бэлэн байх ёстой. Нэг дуудлага ирлээ гэхэд хэзээ ирэх нь тодорхойгүй үе ч байна. Ямар ч нөхцөл байдал үүссэн ажлыг минь ойлгож, намайг хүндэтгэж, ар гэрээ зохицуулдаг ханьдаа маш их баярлаж явдаг шүү гэдгээ энэ дашрамд онцолмоор байна.
-Таныг цусны донор гэдгээ хэлэх болов уу хүлээж байлаа?
Миний хувьд 2014 оноос хойш цусаа хандивлаж, хүний амь нас аврах их үйлсэд давхар зүтгэж байгаа. Үүнээс хойш 9 жилийн хугацаанд 6 литр цус хандивлаж, 60 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн. Энэрэнгүй донор цолтой. Хэзээ ч харж байгаагүй, энэ насандаа тааралдахгүй мөртлөө хэн нэгэнд дахин амьдрах боломж олгоно гэдэг бол гайхамшиг. Цусны донор хүн тогтмол эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагддаг учир өвчин “ярьдаггүй. Нөгөө талаар хэн нэгэнд тусалж байгаа гэж бодохоор сэтгэлийн баяр баяслыг өөртөө бэлэглэдэг давуу талтай. Үр хүүхдэдээ зөвөөр үлгэрлэж, өөрийн биеэр сайн сайханд уриалан дуудах хүсэл маань давхар намайг зоригжуулж, хурцалдаг.
–Үр хүүхэд чинь ч гэсэн таны мөрөөдлийг “өвлөж” удахгүй ажил, мэргэжлийг нь үргэлжүүлэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Гэгээн бүхэн гэрэлт өдрүүдэд тодрох байх. Баярлалаа?
Ямар ч мөрөөдөл байсан түүнийг нь бүх талаар нь дэмжих болно. Мөрөөдөл, зорилготой хүн ухардаггүй, урагшилдаг. Зөв явахад сэтгэл тэнүүн, ирээдүйд тохиолдож болох эрсдэл бага байдаг гэж ойлгодог. Тиймээс хүн бүрийн үүрэг, оролцоо чухал гэж иргэн хүнийхээ хувьд боддог. Нөгөө талаас төр, түмнийхээ төлөө тангараг өргөж, бусдын талархсан үгэнд урамшин, үүргээ гүйцэтгэж байгаа жирийн л алба хаагч. Хамтран зүтгэгч нийт алба хаагчдад талархаж байна.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин