Италид үерийн улмаас 13 хүн амиа алдаж, олон мянган хүн гэр орноосоо дайжлаа

306512-19052023-1684457712-1472354851-italy.jpeg

Италид зургаан сарын хугацаанд ордог бороо нэг хоног хагасын дотор орсны улмаас 13 хүн амиа алдаж, 13 мянга гаруй хүн орон гэрээ орхихоос өөр аргагүй болжээ.

Хоорондоо 115 км зайд орших Риминигийн зүүн хойд эрэг болон Болонья хотын хоорондох бараг бүх голууд хүчтэй аадар борооны улмаас эргээсээ хальжээ. Хотын хороолол, газар тариалангийн талбай үерт автаж, 400 гаруй зам эвдэрсэн байна. Шөнөдөө 280 орчим удаагийн хөрсний гулгалт үүссэн тул иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

71 настай Роберта Лазарини “Хүндхэн 48 цаг өнгөрлөө. Манай тосгон бүхэлдээ шавар шавхайд автлаа” гэжээ. Тэрээр Болоньягаас өмнө зүгт орших Боттегино ди Зоккад амьдардаг бөгөөд гудамж, байшин, цэцэрлэгүүд усанд автсан байна. Роберта “Энд ийм зүйл болж байсныг би огт харж байгаагүй. Бид байшингаасаа ч гарч чадахгүй, юу хийхээ мэдэхгүй байсан. Дахиж ийм зүйл болохгүй гэж найдаж байна” гэжээ.

Гал сөнөөгчид оршин суугчдад гэрээсээ гарахад нь тусалсан байна. 97 настай эмэгтэйг завинд суулган унтлагын өрөөнөөс нь гаргажээ.

Нэгэн кафены эзэн “Бид бүхэлдээ сүйрсэн. Бусдаас тусгаарлагдчихлаа. Зарим нь маш их айсан” хэмээн ярьсан байна.

Болонья хотын оршин суугч 74 настай Ламиери хүүгийнхээ гоёл чимэглэлийн дэлгүүрийнхээ барааг хадгалдаг зоорио цэвэрлэж байхдаа “Өмнө нь үер болж байсан ч миний санаж байгаагаар хэзээ ч ийм таагүй зүйл болж байгаагүй. Бид энэ доор хадгалж байсан бүхнээ алдсан. Энэ хохирол хэдэн мянган еврогоор үнэлэгдэнэ” гэжээ.

Иргэний хамгааллын сайд Нелло Мусумечи “Халуун орны цаг уурын нөхцөл байдал Италид хүрч, 36 цагийн дотор 20 см, зарим газар 50 см хүртэл бороо орлоо” гэжээ.

Эх сурвалж: gogo.mn

scroll to top