Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудын зарим нутгаар бороо, Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад зарим нутгаар цас орсон. Өмнөд бүсийн нийт нутгаар, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд аймгуудын нутгаар шороогоор, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Мөнгөнморьт суманд цасаар шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж  секундэд 8-13 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс  голын хөндийгөөр +1…+6 градус, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +25…+30 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас, өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Онон голын сав газраар, 22-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 20-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +18…+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +12…+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан байна. 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст дулаарна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төв цэвэрлэх байгууламж хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн цэгт хог шатаж байсныг унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Мээжийн тасархай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/-т Малчин П-ийн 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт 05.18-ны өдрийн 07:20 цагт шатаж эхэлсэн тухай мэдээллийг 05.18-ны өдрийн 08:15 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд малчин П-ийн 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт бүрэн шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 18:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй /ашиглагддаггүй/ 3х2 метрийн хэмжээтэй байшингийн дотор хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Хараагийн 2 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна дуудлагыг 05.18-ны өдрийн 19:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28 дугаар гудамжинд хураалттай дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 20:21 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын хашаанд хураалттай хаягдал дугуй шатаж байсныг унтраасан.

Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багийн 6 дугаар тавьтын 1 дүгээр гудамжинд /аймгийн төвөөс баруун зүгт 168 км, сумын төвөөс урд зүгт 1.5 км/-т Иргэн Д-ын 5 ханатай гэр 05.18-ны өдрийн 23:55 цагт бүрэн шатсан тухай мэдээллийг 05.19-ны өдрийн 02:08 цагт хүлээн авсан. Тус сумын иргэд иргэн Д-ын 5 ханатай гэр шатаж байсныг 1 цаг ажиллаж галыг бүрэн унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн Гоёот гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 72 км, сумын төвөөс баруун хойд зүгт 28 км/-т 05.18-ны өдрийн 18:00 цагийн орчим малчин Г нь малаа хариулахаар гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.18-ны өдрийн 22:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин Г /42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 05.19-ний өдрийн 00:46 цагт гэрээс нь баруун зүгт 4 км-т “Цагаан-Эрэг” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн “Алагийн дөрөлж’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км, сумын төвөөс баруун зүгт 20 км Завхан аймгийн Дөрвөлжин сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан 2 автомашин 05.18-ны өдрийн 22:00 цагийн орчим замдаа түр зогсох үед иргэн Д нь сураггүй болсон тухай дуудлагыг 05.19-ний өдрийн 04:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д /38 настай, эрэгтэй/-ийг 05.19-ний өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 05:41 цагт “Доной” нисэх буудлын гаднаас эсэн мэнд олж эхнэрт нь хүлээлгэн өгсөн.

4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

– Хүчтэй салхи шуурга: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянмандал, Баянхангай, Баянсуудал, Төмөрзамчид, Түнхэл, Хэрх багийн нутаг дэвсгэрт 14:30-18:30 цагийн хооронд 18-27 м/с хүчтэй шороон болон цасан шуурга шуурч цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, сургуулийн дээвэр хууларсан тухай мэдээллийг 05.18-ны өдрийн 22:37 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой комисс хуралдаж Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гарган Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, дотуур байр, 1 дэлгүүр, 1 айлын байшингийн дээвэр хууларч, 38 айлын хашаа хэсэгчилсэн байдлаар нурсан нөхцөл байдалтай танилцаж ажилласан бөгөөд 35 кВ, 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ажилтнууд хэвийн болгосон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top