Цасан шуурганд төөрсөн зургаан иргэнийг эсэн мэнд оллоо

344598351_4571973282926438_5297071196421032960_n.jpg

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөө өглөөний 06:00 цагаас эхлэн Хэнтий аймгийн нутгаар, 11:00 цагаас эхлэн Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с, мөн Хэнтий аймгийн Баян-Овоо, Галшар, Өмнөдэлгэр, Сүхбаатар аймгийн  Баяндэлгэр, Дарьганга сумдын нутгаар салхины хурд зарим үед 28-30 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурч байна.

Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Мөнххаан, Түвшинширээ, Уулбаян, Халзан сумдад 26, нийт 27 хүн малдаа явж байгаад төөрсөн, сураггүй болсон гэсэн дуудлагыг аймгийнхаа Онцгой байдлын газруудад ирүүлсэн. Дуудлагын дагуу эрэн хайх, аврах бүлгүүд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:00 цагийн байдлаар 6 хүнийг эсэн мэнд олсон байна. Цаг агаарын нөхцөл байдал хүнд, үзэгдэх орчин маш хязгаарлагдмал байгаа нь эрэн хайх ажиллагаа зохион байгуулахад хүндрэл учруулж байна.

Түүнчлэн 17:30 цагийн байдлаар Дорнод аймгийн Хэрлэн суманд амины орон сууцны 1 байшингийн дээвэр, Сүхбаатар аймагт 7 байшин, 1 цэцэрлэгийн дээвэр хууларч, Түмэнцогт сум дахь холбооны цамхгийн антен унасан гэсэн мэдээлэл ирүүлсэн.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө буюу 5 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Хэнтий аймгийн зүүн хэсэг, Сүхбаатар аймгийн зүүн хойд хэсгээр үргэлжлэн цасаар шуурах бөгөөд салхины хурд 7-12 м/с, түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх тухай мэргэжлийн байгууллагууд анхааруулга, сэрэмжлүүлэг өгсөөр байтал хол, ойрын замд гарч, цасанд суух, цасан шуурганд төөрөх тохиолдол гарч байгаа тул иргэд та бүхэн, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,

Зайлшгүй тохиолдолд замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон АНХААРУУЛЖ БАЙНА.

scroll to top