1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн нутгийн зарим хэсгээр бороо болон нойтон цас, Сүхбаатар аймгийн нутгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +11+16 градус, говь, талын нутаг болон Орхон Сэлэнгийн сав газраар +20+25 градус, бусад нутгаар +16+21 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө +19+21 градус дулаан байна.
Төлөв байдал: 23-ны өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-ний өдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-ны өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-ны өдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 23-ны өдөр Алтайн салбар уулсаар, 24-ний өдөр говь, тал, хээрийн нутгаар, 25-26-ны өдөр нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 23-ны өдөр нутгийн баруун хэсгээр, 24-ний өдөр нутгийн төв хэсгээр, 25-ны өдөр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +7+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8+13 градус, өдөртөө +21+26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3+8 градус, өдөртөө +18+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2+3 градус, өдөртөө +12+17 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Ногооны гудамжны задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 06:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 3 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 18:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Тоёота приус-11” загварын суудлын автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Дэлгэрэх хотхон”-ны зүүн талд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 19:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 1 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 21:13 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн цэгт хог шатаж байсныг унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн Харганат гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.21-ний өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Дашбалбар, Чулуунхороот сумын мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Автозамын тээврийн осол: Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн Долоон”гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 26 км-т/ Авто замын осол болж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 05.21-ний өдрийн 22:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын Королла загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Приус 20” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин, иргэн Г “Премио” загварын /2 зорчигчтой/ суудлын автомашинууд автозамын зорчих хэсэгт мөргөлдөж, зорчигч Г /40 настай, эрэгтэй/ хөл хэсгээрээ хавчуулагдсан байсныг Холматро-гийн задаргааны багаж ашиглан 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн эмчид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР