Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудад бороо орж, Өмнөговь аймагт түр зуур 18-20 м/с шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр  хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6…+11 градус,  говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +21…+26 градус, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +17…+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө +14…+16 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр, 28-нд төвийн аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 25, 26-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +20…+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +16…+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр баг, “Хоолойн худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 105 км, сумын төвөөс баруун хойд зүгт 18 км/-т Малчин Ц-ын малын саравч 05.23-ны өдрийн 04:00 цагийн орчимд бүрэн шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 11:59 цагт хүлээн авсан. Тус сумын иргэн Ц-ын 12х12 метрийн хэмжээтэй малын саравч,  4х4 метрийн хэмжээтэй амбаар, 4х3 метрийн хэмжээтэй граж шатаж, 2 адуу өртөж хорогдсон тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 01:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр, 3х5 метрийн хэмжээтэй амбаар, иргэн Б-ийн 10 метр хашаа тус тус шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой баг, 1 дүгээр гудамжинд зоорь шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 02:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 8х12 метрийн хэмжээтэй зоорь шатаж байсныг 45 минут ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант баг, “Овгийн тойром” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км, сумын төвөөс зүүн урд зүгт  82 км/-т, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиход малчин Э-ын бууц шатаж байсныг 22:00 цагт бүрэн унтраасан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Дундговь аймгийн Хулд сумын Олдох баг, Өнч гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 122 км, сумын төвөөс урд зүгт 22 км/-т Суудлын автомашин замын хажуу руу онхолдож, жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б /40 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан Ниссан Ванетта загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож, иргэн  Б автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул 22:00 цагт цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст баг, “Хармагтай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 73 км, сумын төвөөс хойд зүгт 27 км/-т Малчин А малаа хариулж яваад 05.23-ны өдрийн 18:00 цагийн орчим түр зуур 18-20 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас төөрсөн тухай дуудлагыг тухайн өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиж иргэн А/50 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:30 цагт гэрээс нь баруун хойд зүгт 3 км/-т “Буйлт хонхор” гэдэг газраас малтай нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусан: Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн баг, “Бригадын төв” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 150 км, сумын төвөөс урд зүгт 19 км/-т суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус аймгийн Зэрэг сумаас Жаргалант сумын чиглэлд иргэн П /33 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан  “Тоёота Румион” загварын /5 зорчигчтой/ суудлын  автомашин шаварт суусан байсан тул 19:20 цагт татан гаргасан.

Нүхэн жорлон, дулааны худагт унах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 100 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 12:28 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход Б /1 настай, эрэгтэй хүүхэд/ 4 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг иргэд гаргасан байсан бөгөөд биеийн байдалд үзлэг хийхэд нас барсан байсан тул тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР      

scroll to top