Судалгаа: Дэлхийн нууруудын тэн хагас нь ширгэж байна

64672e455fc28.jpeg

Дэлхийн нууруудын тэн хагасаас илүү хувь нь ширгэж байгааг пүрэв гарагт танилцуулсан нэгэн шинэ судалгаа харууллаа.

Шинжлэх ухааны “Science” сэтгүүлд олон улсын судлаачдын багийн нийтлүүлсэн судалгаагаар ийм байдал үүсэхэд дэлхийн дулаарал, хүний буруутай үйл ажиллагаа голчлон нөлөөлснийг тогтоожээ.  

Байгалийн нуур, усан сангууд нь дэлхийн цэвэр усны нөөцийн 87 хувийг бүрдүүлдэг бөгөөд дэлхийн нийт усны ердөө 3 орчим хувь нь л цэвэр ус байдаг. Улмаар судалгаанд усны менежментийн шийдэл хэрэгтэй байгааг цохон тэмдэглэжээ.

Колорадогийн их сургуулийн ус судлаач Фанфан Яаогоор ахлуулан явуулсан судалгаагаар тогтоосноор, дэлхийн томоохон нуур, усан сангуудын ус 1990-ээд оны эхэн үеэс багасаж эхэлсэн байна.

Дэлхийн амин чухал цэвэр усны нөөцүүдийн ус сүүлийн 30 орчим жилийн хугацаанд жилд ойролцоогоор 22 гигатонноор багассан гэж судлаачдын баг мэдээлжээ. Ийнхүү буурсны талаас илүү хувь нь хүний хэрэглээ, уур амьсгалын дулаарлаас үүдэлтэй нөлөөлөлтэй холбоотой байна.

Судлаачид мөн хур тунадас, гол мөрний урсацын өөрчлөлт, тунадасжилт, температурын өсөлт зэрэг нь дэлхийн хэмжээнд нуурын усны түвшин багасахад нөлөөлсөн болохыг тогтоожээ.

Тус багийнхан дэлхийн 2000 орчим нуур болон усан сангийн усны түвшний өөрчлөлтийг хэмжиж, 1992-2020 оны хооронд цуглуулсан хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн тайлангаа гаргажээ. АНУ-д л гэхэд 28 жилийн хугацаанд “Мид” нуурын усны түвшин нийт усныхаа гуравны хоёртой тэнцэх хэмжээгээр багассан байна.

Мөн судалгаагаар хүний зохисгүй хэрэглээнээс болж Төв Азийн Аралийн тэнгис, Ойрхи Дорнодын Сөнөсөн тэнгис зэрэг нуурууд ширгэсэн нь тогтоогджээ. Түүнчлэн Афганистан, Египет, Монголын нууруудын усан гадаргын ууршилт ихэссэнд температурын өсөлт нөлөөлсөн байна. 

Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавраас зайлсхийхийн тулд дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 1.5 хэмд тогтоон барих шаардлагатай гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Одоогоор дэлхий Цельсийн 1.1 орчим хэмээр дулаараад байна.

Эх сурвалж: montsame.mn

scroll to top