Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дорнод, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгийн нутгийн зарим хэсгээр бороо орж, Завхан аймгийн нутгийн зарим хэсгээр нойтон цас орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22+27 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +17+22 градус, бусад нутгаар +11+16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, +13+15 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-ны өдөр Монгол-Алтай болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-ний өдөр нутгийн баруун хагаст, 30-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи  28-30-ны өдөр Алтайн уулархаг нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28-ны өдрөөс ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1+4 градус, өдөртөө +10+15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +21+26 градус, бусад нутгаар шөнөдөө +5+10 градус, өдөртөө +15+20 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Их дэндий-Ам” гэдэг газар малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 09:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Б-ын малын бууц шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.       

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багийн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 19:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана, таазны хэсэг шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.  

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 22:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очихо иргэн О, Б нарын 5 ханатай 2 гэр шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Цагаан хуаран” хотхоны 90 дүгээр байр суудлын автомашин шатаж байна гэсэн дуулагыг 05.26-ны өдрийн 00:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн “Тоёота приус-30” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ 05.25-ны өдрийн 16:00 цагийн орчим бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь адуундаа гүйж ирсэн тухай дуудлагыг 05.26-ны өдрийн 00:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиж, ар гэрийнхэнтэй хамтран малчин Д /13 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.          

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР      

scroll to top