Б.Пүрэвжав
Байгалийн гамшигт үзэгдэл, үер усны гамшиг, газар хөдлөлт Монгол Улсад жил ирэх бүр нэмэгдэж байгаа тоон мэдээг уншигч тантай хуваалцая. Тухайлбал, 2011-2022 онд нийт 327.576 удаагийн газар хөдлөлт болжээ. 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, үүнээс үүдсэн давтан хөдлөлтүүд 137.849 удаа болсон байх юм.
Харин Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт өнгөрсөн арван жилд нийт 12,589 удаагийн газар хөдлөлт болсноос 5-5.9 магнитудын газар хөдлөлт нэг, 4-4.9 магнитудын газар хөдлөлт зургаа, 3-3.9 магнитудын газар хөдлөлт 61 бүртгэгдсэн тоон баримт байх ажээ. Тиймээс хэлж ирдэггүй, хийсч ирдэг байгалийн гамшигт үзэгдлийг эрсдэл багатай даван туулж, хайртай бүхнийхээ амь насыг авран хамгаалахыг хүсдэг л бол бэлэн байхаас өөр арга бидэнд үлдсэнгүй. Бид тайван, амгалан, хүлцэнгүй гэж өөрсдийгөө хөөргөхөөс илүү газар хөдлөлтийн талаарх мэдээ, мэдээлэлд анхааралтай ханддаг, энэ талаар наад захын мэдлэгтэй болох буюу товчхондоо бэлэн байдлаа хангах цаг нэгэнт болжээ.
Газар хөдлөлтийн мэдээ, мэдээллийг бие биедээ хүргэж, аюулгүй байдлаа хангахаас илүүтэй цахим орчинд маазарч, “мөөм хөдөлсөнгүй”, “өгзгөнд чичирхийлэл мэдрэгдсэнгүй”, “авжур савлаж, ор хөдөллөө”, “газар хөдлөлтийг сошиалаас мэдэрлээ, дахиулмаар байна” зэргээр элдэв марзан пост бичиж, наргиан наадам болгоод өнгөрч байх жишээтэй.
Уг нь энэ мэт элдэв маазрал, наргиагаа хойш тавьж, хайртай бүхнээ хамгаалахын тулд бэлэн байдлаа хангахыг уриалж байна, та бүхэнд. Хэдхэн өдрийн өмнөөс Онцгой байдлын ерөнхий газар “Бэлэн бай” аяныг улсын хэмжээнд эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлт хэзээ нэг өдөр л бидний амьдралыг эрсдэлд оруулж магадгүй учраас гэр бүлд тань болон өөрт хэрэгтэй шаардлагатай бүхнээ бэлдэх хэрэгтэйг, газар хөдлөлтийн үеэр болон хөдөлсний дараа хэрхэн амьд үлдэх тухай энэхүү аянаар бидэнд ойлгуулахыг хичээж байгаа юм. Даанч бид Боловсролын сан тойрч хэрэлдэж, өнөөх л сошиалын солиоролдоо автаад үүнийг олж харахгүй байх аж.
Ядахдаа л монголчууд бид өрх гэрийнхээ хүн бүрд шаардлагатай өмсөх хувцас, бэлэн мөнгө, машины түлхүүрээ хувилах, эм, эмнэлгийн хэрэгсэл, наад захын анхны тусламж үзүүлэх зүйлс, шүгэл, бичиг баримтын илүү хувиа бэлдэж хийсэн цүнхийг гэрийнхээ үүдэнд тавьчихад тийм ч их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардахгүй ажил. Газар хөдлөлт хормын төдийд л болдог учраас амжиж сэрээд гарч чадлаа гэхэд цүнхээ шүүрээд л гарахад болно. Хөхөө өвлийн хүйтнээр хэрэв газар хөдөлвөл унтах ор, ойчих аягагүй хүмүүс ямар хэцүү байдалд ордгийг хэдхэн сарын өмнө дэлхийг гуниглуулсан Туркийн жишээ бидэнд хэлээд өгч байна. Нүд ирмэх төдийд болдог гамшгаас өөрсдийгөө хамгаалах, амьд үлдэхийн тулд бидэнд бэлэн байдлаа хангаж, бэлдэхээс өөрөөр сонголт үлдэхгүй нь лавтай.
Олон зуун хүнээ алдсан Турк, Сирийн газар хөдлөлт ямархан нүд халтирам байсныг одоо ч мартаагүй байх гэж найдъя. Төв талбайд гарч буй зурагчин Э.Ганзоригийн бүтээлийг үзээд л эрхбиш таны тархи, оюунд нэг зүйл бодогдсон байх гэж найдаж байна.
Хагацал, зовлонгийн нулимс урсаж, хайртай бүхнээсээ салж, бүтээсэн, босгосон амьдрал нь нэг өглөө нуранги болж хувирсныг та бид харсан ч анзаараагүй мэт, өөрсдөд маань ирэхгүй мэт хэнэггүй хандсаар л байх уу.
Бусдад тохиолдсон хагацал, зовлон, гамшигт үзэгдэл боловч бид үүнээс сургамж авч, бэлэн байдлаа хангахын зэрэгцээ газар хөдлөлт, гамшгийн талаар чадах бүхнээ зориулж, бие биедээ дадал, туршлага суулгамаар байна. Зүрх, тархиндаа туршлага болгон үлдээх ёстой.
Үүнийг дан ганц төрийн ажил, Онцгой байдлын ерөнхий газар дангаараа хариуцаад явах ёстой гэж найдахаас илүүтэй иргэн бүрийн тэгш оролцоог хэрэгтэйг ойлгомоор байгаа юм. Ядахдаа л улсын хэмжээнд байгаа дуут дохио дуугарахад гэрээсээ гарчихдаг болмоор байна. Өөрийн амьдарч буй орон сууцаа газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг шалгуулж, стандарт шахаж шаарддаг болъё. Тэгж байж бид аюулыг сөрж чадна.
Ганцхан төрийн байгууллагад найдаад өнгөрдөг байж болохгүй. Онцгойгоос жил бүр гамшгаас хамгаалах сургалт явуулж, иргэдийн бэлэн байдлыг хангуулахаар тодорхой ажлууд хийдэг ч дэмжээд, дэмнээд оролцдог нь үнэндээ хэчнээн билээ. Цөөхөн хэдэн хүн тухайн байгууламжаас гарч, маазарч, инээж байгаад л өнгөрдөг. Цаг нөгцөөх байдлаар хандаад, аргалаад ирсэн нь нууц биш. Түүгээр ч тогтохгүй дуут дохио хангалтгүй зэрэг мэдээллүүд байна. Дэлхийд өнөөдрийг хүртэл газар хөдлөлтийг урьдчилж хэлдэг, хэдэн баллын газар хөдлөлт тэр цагт болно гэж хэлэх өндөр технологи хөгжөөгүй учраас бид бэлэн байхаас өөр аргагүй юм. Энэ бол муу амласан зүйл огт биш юм шүү. Зөв дадал зуршилтай болж, бэлэн байдлаа хангахын зэрэгцээ гамшигт үзэгдэлд япончууд шиг бэлэн байя. Байгалийн гамшиг хэлж ирдэггүй юм шүү.
Эх сурвалж: dardas.mn