Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн цас ихтэй аймаг, сумдын малчдад 7.4 мянган тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан өгөхөөр болжээ. Одоогийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүлтэй, хүйтний хэм өдөртөө 12-15, шөнөдөө 20-25 байна. Мөн 17 аймгийн 62 сум “Цагаан зуд”-тай байгаа нь хоёрдугаар сарын 20-ны байдалтай харьцуулахад 38 сумаар, 15 аймгийн 51 сум “Цагаанаар зудархуу” болж 69 сумаар буурчээ.
Засгийн газраас нийт 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилт гарган өвс, тэжээлийг малчдад хүргүүлжээ. Тодруулбал, өвөлжилт хүндэрсэн 18 аймгийн 33 суманд автомашин, 20 аймагт 11 мянган тонн өвсийг буцалтгүй тусламжаар үнэгүй өгсөн байна.
Цаашид мал их хэмжээгээр хорогдохоос урьдчилан сэргийлж малын тэжээл, эрдэс долооцыг сувилгааны эм бэлдмэлтэй хослуулан хэрэглэж малыг тэнхрүүлэх шаардлагатай болжээ. Иймээс НҮБ-ын ХХААЯ-тай хамтран 4.2 сая ам.долларын тусламж үзүүлж, малчдад малын тэжээл хивэг, долооцууд, эм тариа, витамины тусламж үзүүлэхээр болсон байна.
Өнгөрсөн долоо хоногт ХХААЯ-наас малын хорогдол 416.5 мянга болж 68.0 мянгаар нэмэгдсэн хэмээн мэдээлсэн. Үүнээс тэмээ 130, адуу 15.3 мянга, үхэр 39.9 мянга, хонь 142.2 мянга, ямаа 219.0 мянга буюу оны эхний нийт малын 0.7 хувийг эзлээд байна. Хамгийн их хорогдолтой нь Увс (71740), Сүхбаатар (69139), Завхан (58390), Баянхонгор (40279), Архангай (36593) аймгууд байна.
Эх сурвалж: www.news.mn