“Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал эртнээс сэрэмжлүүлэх үндэсний бодлого: Асуудал, шийдэл, гарц” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа

349363158_564676749157545_7792451563556157375_n.jpg

Хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа цаг уурын өөрчлөлт, олон төрлийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад төр засаг, ард иргэд, эрдэмтэн мэргэд, хэвлэл мэдээлэл зэрэг бүх талуудын түншлэлийг сайжруулж, хамтран ажиллах, соён гэгээрүүлэх, нэгдмэл ухамсрыг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы санаачлагаар “Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал эртнээс сэрэмжлүүлэх үндэсний бодлого: Асуудал, шийдэл, гарц” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Хурлыг Монгол Улсын Шадар сайд, Уур амьсгалын үндэсний хорооны дарга С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “2020 онд Монгол орны хэмжээнд хийсэн цөлжилтийн судалгаагаар Дундговь 50.9% хүчтэй, 30.9% нэн хүчтэй, Өвөрхангай 40.8% хүчтэй, 15.7% нэн хүчтэй, Говьсүмбэр 60.5% хүчтэй, 13.5% нэн хүчтэй, Дорноговь 43.4% хүчтэй, 10.2% нэн хүчтэй, Баянхонгор 33.6% хүчтэй, 9.8% нэн хүчтэй, Төв 21.8% хүчтэй, 6.1% нэн хүчтэй, Говь-Алтай 22.1% хүчтэй, 4.4% нэн хүчтэй, Өмнөговь 22.9% хүчтэй, 1.6% нэн хүчтэй зэрэглэлээр цөлжилтөд өртсөн байна. Эдгээр аймгуудаас тус бүрээс 100 га газар сонгож Монгол оронд байгалийн бүс бүслүүрийн онцлогт тохирсон нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулах нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах, цаг хүндэрсэн үед малчдыг малын тэжээлээр хангах, байгалийн ургамлан нөмрөгийг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийг шингээлтийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой” гэсэн юм.

Эрдэм шинжилгээний хуралд НҮБ, ОБЕГ, БОАЖЯ, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Үндэсний Аюулгүй Байдлын Стратеги судалгааны хүрээлэн, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэн болон бусад эрдэмтэн судлаачид оролцож, илтгэл хэлэлцүүллээ.

Тухайлбал, Улсын хэмжээнд 2022 оны байдлаар нийт 4321 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 401 /154 Ковид-19/ хүн амь насаа алдаж, 173 хүн гэмтэж бэртэн 8553 толгой мал, амьтан хорогдож, 33.2 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.

Мөн 2004-2013 онд жилд дунджаар 3104 аюулт үзэгдэл, осол тохиолддог байсан бол 2013-2022 онд жилд дунджаар 4529 болж нэмэгдсэн талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн нөхцөл байдал сэдэв”-ийн хүрээнд илтгэл танилцуулахдаа онцоллоо.

Харин Ус, Цаг уур, Орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь Монгол нутагт уур амьсгалын үндсэн үзүүлэлт болох агаарын хэм, хур тунадас зэрэг элементээр төдийгүй цөлжилт, экосистемийн доройтлоор нэн тод илэрч байна” хэмээгээд Монгол орны нутагт жигд шахам тархан байрласан цаг уурын 47 өртөөний өгөгдлөөс үзвэл 1940 оноос хойш 64 жилийн дотор агаарын дундаж хэм 1.80С-ээр нэмэгдсэнээс өвөл 3.60С-ээр, намар 1.30С-ээр, зун 0.50С-ээр тус тус дулаарсан талаар таницуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top