Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6+11 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +9+14 градус, Дорнодын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21+26 градус, бусад нутгаар +14+19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, +17+19 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-ний өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 06.01-ний өдөр нутгийн зарим газраар, 02-ны өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 31-ний өдөр говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4+1 градус, өдөртөө +6+11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4+9 градус, өдөртөө +15+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10+15 градус, өдөртөө +19+24 градус, бусад нутгаар шөнөдөө +1+6 градус, өдөртөө +11+16 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 13:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэс, 5 дугаар байр хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 23:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, “Нүхтийн-Ам” гэдэг газар хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 23:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут багийн Номгон” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн урд  зүгт 45 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 00:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Э-ийн 5х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт малчин Э /64 настай, эмэгтэй/ болон түүний ач охин Б /17 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн.

Булган аймгийн Булган сумын Ачуут багийн Тамгын толгой хэсгийн 3 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 00:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top