Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон хойд бүсийн нийт нутгаар, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий аймгуудаар бороо, Говь-Алтай аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +5…+10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын сав газраар +21…+26 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-р сарын 1-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 2-нд нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +6…+11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн Дампилын 13 дугаар хорооллын 15 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Монелийн 48 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 13:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 4х2, 2х2  метрийн хэмжээтэй 2 амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 17:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 4х3 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн ‘’Арвын нарс‘’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 135 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км/-т ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдсөнөөс 1 хүн автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 05.30-ны өдрийн 12:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход “Хово” загварын ачааны автомашин, “Ланд-76” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн Г /35 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан тул цогцсыг гарган, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн.

Голын усанд осолдсон: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Тэнгисийн-Ар”  гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд  зүгт 309 км, сумын төвөөс баруун хойд зүгт 66 км/-т Иргэн Б нь морьтойгоо “Тэнгис” голын усанд ороод гарч ирээгүй тухай дуудлагыг 05.30-ны өдрийн 23:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /20 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top