Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9…+14 градус, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав газар, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсэг,  Дорнод, Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

Төлөв байдал: 3, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 4-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +10…+15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15…+20 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Нарангийн дөрөлж” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн зүгт 190 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ 06.01-ний өдрийн 17:00 цагт гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Г-ын 6 ханатай гэр шатсан тухай мэдээллийг Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын дарга 20:36 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

Увс аймгийн Давст сумын Зүүнхөвөө багийн 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 18:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Карина” загварын суудлын автомашин шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны “Яармаг”-ын 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 19:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 7х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Задгай” Сэлбэ голын усанд 1 эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 21:16 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн М /56 настай, эрэгтэй/ Сэлбэ голд живж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

Өндрөөс унах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны шинээр баригдаж байгаа орон сууцны цонхоор 1 хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 06:21 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Г /20 настай, эрэгтэй/, Э /20 настай, эрэгтэй/, Ц /19 настай, эрэгтэй/, М /21 настай, эмэгтэй/, Д /22 настай, эрэгтэй/ нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ баригдаж байгаа барилгын 10 дугаар давхарт байсныг эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөхөөр ажиллаж байна.   

4.Ус цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер: Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Рашаантын-Ар хүр” гэдэг газар /аймгийн төвөөс  урд зүгт 182 км-т, сумын төвөөс урд зүгт 32 км-т/ 05.30-ны өдрийн 19:30 цагаас  05.31-ний өдрийн 11:00 цаг хүртэл дуу цахилгаантай үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер бууж 1 айлын гэр урссан, 1 айлын бог мал аянгад өртөж хорогдсон тухай мэдээллийг хүлээн авсан. Малчин Б-ийн 5 ханатай гэр үерт урсаж, малчин Р-ийн 10 хонь аянгад өртөж хорогдсон тухай мэдээллийг Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга 06.01-ний өдрийн 06:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top