Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дархан-Уул, Орхон аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Ихэнх нутгаар салхи баруун хойноос 4-9 м/с, өдөртөө тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. +19…+21 градус дулаан байна.

Төлөв байдал: 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Халх голын хөндийгөөр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн баруун хагаст дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +15…+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 17 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 09:04 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 15х8 метрийн хэмжээтэй граж дотор автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан баг, 4 дүгээр хэсэгт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 23:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ын 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 34 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо хөргөгч шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 02:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн /90 м2/ 3 өрөө орон сууцны гал тогооны өрөөнд хөргөгч шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан бөгөөд утаажилтын бүсээс 16 иргэнийг гаргасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр баг, “Хөх-Үзүүрийн шил” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 340 км, сумын төвөөс урд зүгт 43 км/-т 06.02-ны өдрийн 20:00 цагийн орчим иргэн Ө гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.04-ний өдрийн 07:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Ө /16 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 11:10 цагаас 21:50 цаг хүртэл “Хөх-Үзүүрийн шил”, Боомын-Өндөр, Хясааны-Ам, гэдэг газруудаар 8 км/-ын тойрогт зохион байгуулж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга баг, “Угалзтийн голын цоорхой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 151 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/-т 06.03-ны өдрийн 20:00 цагийн орчим иргэн Ц гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.04-ний өдрийн 12:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан иргэн Ц/37 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг “Угалзтийн голын цоорхой”, “Мөсөн түрүүний-Эх” гэдэг газруудаар 7 км-ын тойрогт зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top