Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:   Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 4-9 м/с, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнблчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +17…+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод:   Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с, +21…+23 градус дулаан байна.

Төлөв байдал:  7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 8, 9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 10-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +19…+24 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +30…+35 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +25…+30 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилчин багийн “Задгай” Ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 14:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “ND4257-Норд бенз” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.  

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Хэрлэнгийн бетон гүүр”-ний хажууд /аймгийн төвөөс урд зүгт 7 км-т, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ ачааны автомашины чиргүүлийн дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход ND4257-Норд бенз” загварын ачааны автомашины чиргүүлийн хойд дугуй шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 14 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 06:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 8 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн Хөх-Үзүүрийн шил гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 340 км-т, сумын төвөөс урд зүгт 43 км-т/ 06.02-ны өдрийн 20:00 цагийн орчим иргэн Ө гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.04-ний өдрийн 07:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Ө /16 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж хиймэл нуурын эргээс /1 км урт, 0.3 км өргөн, 15 метрийн гүнтэй/ тухайн хүүхдийн гар утас олдсон. Мөн өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 09:35 цагт хиймэл нуурын 10 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Угалзтийн голын цоорхой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 151 км-т, сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ 06.03-ны өдрийн 20:00 цагийн орчим иргэн Ц гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.04-ний өдрийн 12:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Ц/37 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.05-ны өдрийн 11:27 цагт тус багийн Улаан толгойн гүүр гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 16 км/-аас эсэн мэнд олсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top