Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Стратегийн команд штабын сургуулийг хэрхэн зохион байгуулах талаар иргэдэд мэдээлэл хүргэе. Тус сургуулийн үйл ажиллагаа маргааш буюу зургаадугаар сарын 7-нд эхэлж, гурван өдөр үргэлжлэх бөгөөд Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцох хөтөлбөртэй. Стратегийн команд штабын сургуулийн гол зорилго нь газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед төрийн байгууллага, цэргийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, бүх шатны төлөвлөлтийн бичиг баримтыг шинэчлэх юм. ОБЕГ-ын Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн байранд зохион байгуулна. Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх, олон улсын жишиг загварыг нэвтрүүлэх, турших, ослын удирдлагын тогтолцоо, баг бүрэлдэхүүний сургуулилалт зохион байгуулна. Дээд түвшиндээ энэ үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэлээр улсын УОК, ҮАБЗ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн тогтолцоотой байна. Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвд гамшгаас хамгаалах албад, яам агентлаг, төрийн цэргийн байгууллагын 295 албан хаагч 72 цагийн хугацаанд сургалтыг тасралтгүй явуулна. Сургалтын үйл ажиллагаанд 21 аймагт ослын удирдлагын баг бүрэлдэхүүн ажиллана. Нийт дүнгээр 2,900 гаруй албан хаагч ажиллахаар бэлтгэлээ хангаад байна. Сургуулийн бодлогын хүрээнд нийслэлийн 6 дүүрэгт газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах, гал унтраах, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодисыг аюулгүй болгох мэргэжлийн ангийн дадлага сургуулийг зохион байгуулна. Зэвсэгт хүчний харьяанд байдаг хээрийн эмнэлгийг дэлгэж гамшигт нэрвэгдэгсдийг эмчлэх дадлага сургуулийг явуулна. Зургадугаар сарын 8-ны өдөр улс даяар 16:00 цагт зарлан мэдээллийн дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна. Улаанбаатар хотын хэмжээнд 192 цэг талбайг бэлтгэсэн. Энэ цэгт орон гэрээсээ, байгаа газраасаа аюулгүй газарт шилжин очих дадлага сургуулийг хийх гэж байна. Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед ямар хүндрэлүүд учрах, түүнийг хэрхэн шийдэх, нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнсээр хангах зэрэг практик дээр учрах хүндрэлийг даван туулах дадлага сургуулийг хийнэ.Монгол оронд газар хөдлөлтийн маш хүчтэй гамшиг тохиолдсон үед ҮАБЗ, ерөнхийлөгчийн зүгээс ямар шийдвэр гаргаж, дэмжлэг үзүүлэх, доод түвшиндээ шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх, онцгой байдлын байгууллага яаж ажиллах, мэдээ, мэдээллийг хэрхэн дамжуулах зэрэг олон асуудлыг Стратегийн команд штабын сургуулийн үеэр зохион байгуулна” хэмээн ярилаа.