Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон бөгөөд Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолд заасны дагуу аймаг, сумын өвөлжилтийн нөхцөл байдалд 2015-2016 оны өвөл 18 аймгийн 98 сум “Цагаан зуд”-тай, 20 аймгийн 113 сум “Цагаанаар зудархуу” өвөлжсөн бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 17 аймгийн 62 сум “Цагаан зуд”-тай, 15 аймгийн 51 сум “Цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай байна.
Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан малчид, иргэдэд төрийн болон нийгмийн халамж, эмнэлгийн үйлчилгээ, өвс тэжээлийн тусламж үзүүлэх, малын вакцин үйлдвэрлэх, шуурхай алба (хүн эмнэлэг, цагдаа, онцгой байдал)-ны үйлчилгээг хугацаа алдахгүй хүргэхэд шаардлагатай автомашин олгох зорилгоор Засгийн газрын шийдвэрээр 2015 оны 480, 2016 оны 55, 67 дугаар тогтоол гарган нийт 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 18 аймгийн 33 суманд автомашин, 20 аймагт 10.998.1 тн өвсийг буцалтгүй тусламжаар үнэгүй олгох, 7.367.3 тн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан олгох ажлыг зохион байгууллаа.
Өнөөдрийн байдлаар нийтмалын хорогдол 463652 (тэмээ 139, адуу 17925, үхэр 46384, хонь 157655, ямаа 241554) буюу оны нийт малын 0.6 хувийг эзэлж байна.
Үүнээс хамгийн их малын хорогдолтой Увс (71968), Сүхбаатар (70525), Завхан (58390), Архангай (48376), Баянхонгор (46951) аймгууд байна.
Одоогийн байдлаар мал төллөлт 209.400 эх мал төллөж 204.700 төл буюу 2568 ботго, 301 унага, 5215 тугал, 125.900 хурга, 71.400 ишиг бойжиж, төл бойжилт 98.0 хувьтай байна.
Монголын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбооноос Архангай, Баян-Өлгий, Булган, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл зэрэг 8 аймгийн 96 сумын 1800 малчин өрхөд нийт 134 сая төгрөгийг бэлнээр тарааж, 6 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн (гурил, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, давс, цай) олгож нийт 2.7 тэрбум төгрөгийн тусламжийг үзүүлэв.
Дэлхийн мал, амьтныг хамгаалах нийгэмлэгээс дээрх 8 аймагт 1850, Дундговь аймагт 250 (нийт 2100 ширхэг), нийт 54.0 сая төгрөгийн үнэ бүхий малын хашааны дулаалгын хаалт хүргүүлсэн.
Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлсэн тул цаашид Засгийн газрын нөөц болон Улсын нөөцөөс хөрөнгө, бараа материал гаргах шаардлагагүй гэж үзэж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР