Украины Нова Каховка хотын далан сүйдсэн нь Оросын өдүүлсэн дайн эхэлснээс хойш “иргэний дэд бүтцэд хамгийн их хохирол учруулсан явдал” болж магадгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч бөгөөд яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффитс мэдэгджээ.
Энэхүү далан нь Херсон болон Днипро, Запорожье мужийн олон сая оршин суугчийн нэн чухал усны эх үүсвэрийн хувиар бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой бөгөөд Херсоны өмнөд хэсэг, Крымийн хойгийн газар тариалангийн усалгааны гол эх үүсвэр тул газар тариалан, хүнсний үйлдвэрлэлд нөлөөлнө гэдгийг тэрбээр мягмар гарагт Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр үг хэлэхдээ онцолсон байна.
Мөн хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд нэвтрэхэд хүндрэлтэй байгаа, Оросын цэргүүдэд эзлэгдсэн бүс нутгуудад ноцтой нөлөө үзүүлэх төлөвтэй байна гэж М.Гриффитс нэмж хэлжээ. Түүнчлэн ширүүн урсаж буй ус тэсрэх бодисоор бохирдох эрсдэл учирч, сум хэрэгслүүдийг өмнө нь аюулгүйд тооцогдож байсан газрууд руу урсгаж аваачих аюултай байгааг тэмдэглэжээ.
М.Гриффитс мөн далан нурсан нь цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, “Запорожье” атомын цахилгаан станцын аюулгүй байдалд нөлөөлнө гэдгийг онцолсон байна. “Далан нурснаас үүдэлтэй хохирол нь мөргөлдөөний улмаас зовж шаналж буй хүмүүсийн амьдралыг улам хүндрүүлнэ. Үерт нэрвэгдсэн олон сая хүнд хүмүүнлэгийн тусламж хүргэж чадахгүй байх нь маш аюултай үр дагавар учруулж болзошгүй” гэж тэрбээр хэлжээ.