Европт сүүлийн 40 жилд цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 195 мянган хүн амиа алджээ

648973a616ef1.jpeg

Европ тивд 1980 оноос хойш цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 195 мянга орчим хүн амиа алдаж, 560 тэрбум гаруй еврогийн эдийн засгийн хохирол учирсан гэж Европын Байгаль орчны агентлаг /EAA/ өнөөдөр мэдээллээ.

Тус тивд 1980-2021 оны хооронд үер, хар салхи, хэт халалт, цочир хүйтрэлт, ойн түймэр, хөрсний гулгалтын улмаас 195 мянга орчим хүн амиа алдсан гэж тус агентлагийн тайланд цохон тэмдэглэжээ.

Түүнчлэн 560 тэрбум еврогийн (605 тэрбум ам.доллар) хохирлын дөнгөж 170 тэрбум буюу 30 хувь нь л даатгалуулсан байсан гэж “EAA” цаг агаарын гамшигт үзэгдлийн нөлөөллийн талаарх мэдээллийг нэгтгэсэн шинэ цахим порталыг нээх үеэрээ мэдээлсэн байна.

“Цаашид гарз хохирол учрахаас урьдчилан сэргийлэхийн тулд хүн төрөлхтөн бид цаг уурын гамшигт үзэгдлүүдэд хариу арга хэмжээ авахаас илүүтэй урьдчилан бэлтгэхэд нэн даруй шилжих хэрэгтэй байна” гэж Байгаль орчны агентлагийн мэргэжилтэн Александра Казмерчак “AFP” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

Хамгийн сүүлийн тайлан мэдээллээс үзэхэд, хэт халах үзэгдэл нь нийт нас баралтын 81 хувийг, санхүүгийн хохирлын 15 хувийг эзэлсэн байна.

Европ насжиж буй хүн амаа, ялангуяа хэт халалтад эмзэг ахмад настнуудаа хамгаалахын тулд холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж тайланд дурджээ.

Ихэнх үндэсний дасан зохицох бодлого, эрүүл мэндийн стратегид хэт халалтаас зүрх судас, амьсгалын тогтолцоонд үзүүлэх нөлөөллийг хүлээн зөвшөөрдөг ч шингэн дутагдах, наранд цохиулах зэргийг тал хүрэхгүй хувьд л тусгасан байдаг байна.

2022 оны зун Европ хэт халах үзэгдэлд удаа дараа нэрвэгдсэний дараа ердийн үеийнхээс хавьгүй олон хүн нас барсан ч тухайн оны тоон үзүүлэлт лхагва гарагт танилцуулсан тайланд ороогүй байна.

Байгаль орчны агентлагийн мэдээлснээр, 2022 оны долоодугаар сард 2016-2019 оны сарын дунджаас даруй 53 мянгаар олон хүн нас баржээ. Тухайлбал, Испанид 6, 7, 8 дугаар сард хэт халалтын улмаас 4600 гаруй хүн нас барсан байна.

Харин судлаачдын гаргаж буй уур амьсгалын загварчлалуудаас үзэхэд, цаашид хэт халалт илүү удаан, илүү аагим болж, давтамж нь нэмэгдэх төлөвтэй байна.

2022 оны хоёрдугаар сард “EAA” цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас 1980-2020 оны хооронд 142 мянган хүн амиа алдаж, 510 тэрбум ам.долларын хохирол учирсан гэж мэдээлж байв.

Сүйтгэлт үр дагавар

Хүний буруутай үйлдлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь 2022 онд ган гачиг нүүрлэх эрсдэлийг 5-6 дахин нэмэгдүүлсэн бөгөөд тухайн онд ойн түймэр сүүлийн жилүүдтэй харьцуулахад хоёр дахин их газар нутгийг сүйтгэсэн байна.

Ган гачиг нь эдийн засгийн ихээхэн гарз хохирол дагуулдаг. Хэрэв дэлхий Цельсийн 1.5 хэмээр дулаарвал өдгөө есөн тэрбум евро байгаа жилд учрах санхүүгийн хохирол энэ зууны эцэс гэхэд 25 тэрбум еврод хүрч өсөх тооцоо гарчээ.

Улмаар манай гараг Цельсийн 2 хэмээр дулаарвал уг хөрөнгө мөнгөний хэмжээ 31 тэрбум евро, цаашлаад 3 хэмээр дулаарвал 45 тэрбум еврод хүрэхийг шинжлэх ухааны тооцоолол харуулсан байна.

Ган гачгийн аюул нь хөдөө аж ахуйн салбарт “сүйтгэлт” үр дагавар учруулахыг Байгаль орчны агентлаг анхааруулж байна. Фермерүүдийн хувьд тариалангийн сорт, тариалалтын хугацааг тохируулах, усалгааны горимыг өөрчлөх замаар температурын өсөлт, ган гачгийн нөлөөллийг хязгаарлах боломжтойг тайланд дурджээ.

Түүнчлэн ямар нэгэн өөрчлөлт хийхгүй бол ургац, газар тариалангийн орлого ирээдүйд ихээхэн буурах тооцоо гарсан байна. Үүнээс гадна хэдийгээр үерийн гамшгийн улмаас хүний амь эрсдэх нь харьцангуй бага буюу нийт нас баралтын хоёр хүрэхгүй хувийг эзэлж байгаа ч эдийн засгийн хохирлын 56 хувийг эзэлж байгааг судлаачид анхааруулжээ.

Эх сурвалж:montsame.mn

scroll to top