НҮБ: Дэлхий даяар орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрсэн хүний тоо 110 саяд дөхжээ

64894a5519d08.jpeg

Дэлхий даяар зөрчил мөргөлдөөн, хавчлага, хүний эрхийн зөрчлийн улмаас орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүмүүсийн тоо 110 саяд дөхөж байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас өнөөдөр мэдээллээ. 

Дүрвэгсдийн тоог түүхэн дээд үзүүлэлтэд хүрэхэд нөлөөлсөн олон хямралын урт жагсаалтын сүүлийг Суданы дайн мушгиж байгаа бөгөөд зөвхөн энэ дайны улмаас л гэхэд энэ оны дөрөвдүгээр сараас хойш хоёр сая орчим хүн дүрвэхээс өөр аргагүйд хүрчээ.

“Дүрвэгсдийн тоо ийм хэмжээнд хүрсэн нь манай дэлхийн хувьд жинхэнэ “ялын тогтоол” болж байна” гэж Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди Швейцарын Женев хотноо тайланг танилцуулах үеэрээ сэтгүүлчдэд мэдээлсэн байна. 

Өнгөрсөн онд л гэхэд дүрвэгсдийн тоо 19 саяар нэмэгдсэний дотор Украины 11 сая гаруй иргэн багтаж байна. Ингэснээр Украины дайн нь Дэлхийн II дайнаас хойш хамгийн богино хугацаанд, хамгийн олон хүнийг дүрвэхэд хүргэсэн мөргөлдөөн болж байна.

Дэлхий даяар орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүмүүсийн дийлэнх нь дотооддоо дүрвэсэн хүмүүс бол гуравны нэг буюу 35 сая нь бусад улс орон руу дүрвэн гарчээ. Дүрвэгсдийн дийлэнхийг Европ, Хойд Америкийн чинээлэг орнууд бус харин Ази, Африкийн бага, дунд орлоготой орнууд хүлээн авч байна гэж Ф.Гранди хэлсэн байна. 

Одоогийн байдлаар, Турк улс хамгийн олон буюу 3.8 сая гаруй дүрвэгчийг хүлээн аваад байгаагийн дийлэнх нь иргэний дайнаас дүрвэсэн сиричүүд байна. Тус улсын араас афганчууд голдуу 3.4 сая дүрвэгчийг хүлээн авсан Иран бичигдэж байна. Үүний зэрэгцээ Украины 5.7 сая иргэнЕвроп тивийн болон бусад орнууд руу дүрвэжээ. 2022 онд мөн харьяалалгүй хүмүүсийн тоо 4.4 саяд хүрч өссөнийг Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын тайлан мэдээлэл харуулсан ч бодит тоон үзүүлэлт үүнээс ч хавьгүй өндөр байж магадгүй байна. 

Эх сурвалж:montsame.mn

scroll to top