Филиппиний зүүн хойд нутагт Майон галт уулнаас халуун хайлмаг урссаар байгаа тул 13 000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Эрх баригчид галт уулаас 6 километрийн радиуст буй бүх оршин суугчийг нүүлгэн шилжүүлнэ гэж мэдэгджээ. Одоогоор 13 мянга орчим хүнийг хоргодох байр луу шилжүүлсэн байна.
Филиппиний хамгийн идэвхтэй галт уул болох Майон зургаадугаар сарын 5-наас идэвхжиж, ням гарагт халуун хайлмаг урсаж эхэлжээ.
“Галт уулын лаав, чулуулгууд тогооноосоо хурдацтай урсах аюултай байна. Энэ урсгалыг гүйцэж гарахад хэцүү байх болно” гэж Филиппиний галт уул, газар хөдлөл судлалын хүрээлэнгийн захирал Тересито Баколкола хэвлэлүүдэд мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, хэрэв ойрын өдрүүдэд галт уулын дэлбэрэлт эрчимжвэл илүү олон хүнийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Одоогоор бүс нутагт гуравдугаар зэрэглэлийн аюулын түвшин зарлажээ.
Майон галт уул нь 2462 метр өндөр бөгөөд хамгийн сүүлд 2018 оны нэгдүгээр сард дэлбэрчээ. Сүүлийн 500 жилийн хугацаанд дор хаяж 50 удаа дэлбэрсэн байна.
1814 онд болсон хамгийн хүчтэй дэлбэрэлтээр 1200 хүн амиа алдаж, Кагсава хот тэр чигтээ галт уулын үнс нурамд дарагдаж байжээ.