Онцгой байдлын ерөнхий газраас ДХИС-тай хамтран “Аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалт”-ыг тавдугаар сарын 29-өөс зургадугаар сарын 16-ны өдрүүдэд Онцгой байдлын сургуулийн “Усан спорт сургалт”-ын төвд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад үнэмлэх гардууллаа.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн 50 алба хаагч хамрагдаж, мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, нэрвэгдэгч зөөвөрлөх, усны аврах ажиллагааны багаж хэрэгсэл ашиглах, усанд осолдсон нэрвэгдэгсдэд үзүүлэх анхны тусламж, усны гүний шумбалтын хэрэгсэлтэй ажиллах чадварыг эзэмшлээ.
Ингэснээр Онцгой байдлын байгууллагаас 2015 оноос хойш найман жилийн хугацаанд нийт 228 алба хаагчийг усчин аврагчаар сургаж, дадлагажуулан, үүрэг гүйцэтгэж байна.
Анх Улсын иргэний хамгаалалтын даргын 1991 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 94 дүгээр тушаалаар үер усны аюулд өртсөн хүмүүсийг аврах үүрэг зориулалт бүхий аврах бүлгийг Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Улаанбаатарт тус бүрт 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан түүхтэй.
Улмаар анхны усны сургалтыг 80 цагийн хөтөлбөрөөр 10 хоногийн хугацаатайгаар тухайн үеийн Иргэний хамгаалалтын 122 дугаар анги (одоогийн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад)-ийн салбар, салаа бүрээс 5 хүнтэй багийг Нийслэлийн Хүүхэд, залуучуудын усан спорт сургалтын төвийг түшиглэн сургаж , анхны усчдыг бэлтгэж байжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.