Онцгой байдлын албаны 19 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн салааны захирагч, ахмад Д.Одхүү “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртэж, 20 сая төгрөгөөр шагнагдлаа.
Онцгой байдлын албаны анхны сайд эдүгээгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн нэрэмжит тус шагналыг хоёрдахь жилдээ алба хаагчдад олгож байна.
Ахмад Д.Одхүү нь Онцгой байдлын албанд 11 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 115 удаагийн галын дуудлагаар түргэн шуурхай гарч, 109 удаагийн гал дээр байлдааны тархалт хийн ажиллаж байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийн 3 тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгө, 137 хүний амь насыг авран хамгаалсан байна.
Тухайлбал, 2020 онд Хэнтий аймгийн онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн даргаар ажиллах хугацаанд аврах ажиллагааны дуудлагаар нийт 3 удаа ажиллаж, 2 иргэний амь насыг авран хамгаалсан бол 2021 онд Хэнтий аймгийн Батноров суманд гарсан хээрийн түймэрт бүлгийн даргаар ажиллах хугацаандаа 2560 толгой мал, 2 өрхийн 7 иргэний амь насыг авран хамгаалсан.
Мөн Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтад хамрагдаад буцаж явах замдаа буюу 2023 оны 3 дугаар сарын 4-нд Баянзүрх дүүргийн Цайз-16 Баянзүрх худалдааны төвийн хойд уулзвар дээр таталт өгөн унасан иргэнд яаралтай тусламж үзүүлэн, амь насыг нь авран хамгаалсан зэргээр өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлж байгаа үлгэр жишээч алба хаагчдын нэг юм. Мөн Онцгой байдлын албанаас цэнхэр дуулгатнуудын эгнээнд нэгдсэн Энхийг сахиулагчдын нэг билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.