Мэндчилгээ

gen333-70h9x14poyf5cago3d3qxtiqj2exv87bo104xcendq8.jpg

Золбоо хийморь төгөлдөр, зориг бахархлын алба, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-т Онцгой байдлын байгууллагын үе, үеийн удирдлага, ахмад үеийнхэн, одоо ажиллаж байгаа эрхэм генерал, офицер, ахлагч, нийт алба хаагчид, хамтран зүтгэгч Та бүхэндээ Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 19 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

Иргэн, төр, нийгмийн аюулгүй байдлыг хангах хүндтэй үүргийг хүлээсэн Онцгой байдлын байгууллага жилээс жилд өргөжин тэлж, эх орондоо төдийгүй эргэх цэнхэр дэлхийн хүн ардад тусламжийн халуун гараа сунгадаг хүчирхэг алба болон хөгжиж чадсан гэдгээ төр, ард түмэндээ батлан харуулсаар байгаа билээ.

Бүгд Найрамдах Турк Улсад тохиолдсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын эрэн хайх, аврах багийн ажиллагаа Туркийн ард түмэнд үзүүлсэн хүн ёсны тусламж төдийгүй бид бүхний хувьд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэй гамшгийн нөхцөл байдлыг бодитоор мэдэрсэн, хэрхэн ажиллах дадлага, туршлага хуримтлуулсан, мөн ажиллаж чадахаа харуулсан ажиллагаа байлаа. Мөн хот доторх эрэн хайх, аврах олон улсын багтай болох зорилгод маань нэг том алхам болсон гэж хэлж болно.

Дэлхий дахины уур амьсгал, гамшиг ослын нөхцөл байдал, улс орны гадаад, дотоод аюулгүй байдлын орчин эрс өөрчлөгдөж, техник, технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед уламжлалт болон уламжлалт бус аюул заналыг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх нь туйлын чухал байна.

Энэ нь та бидэнд үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх,  үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, сургалт бэлтгэлд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг сануулж буй юм.

Тийм ч учраас Онцгой байдлын байгууллага Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран газар хөдлөлтийн гамшгийн аюулыг ард иргэдэд таниулах, мэдлэг, мэдээлэл олгох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, цаашдын бодлого, төлөвлөлтөд шинэчлэл хийх зорилгоор “Стратегийн команд штабын сургууль”-ийг амжилттай зохион байгууллаа.

Онцгой байдлын албаны хүндэтгэлт энэ өдөр Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан алдар гавьяатнуудын тоог нэгээр нэмж, Үйлчилгээний гавьяат ажилтан шинээр төрөн гарсан бол 19 жилийн ойгоо ташруулан 19 алба хаагч Төрийн дээд, одон медалиар шагнагдлаа.

Энэ бүхнийг бүтээхэд галын шугамын тэргүүн эгнээнд гамшиг, осолтой нүүр тулан тэмцэж байдаг аврагч, гал сөнөөгч, эгэл жирийн алба хаагчдын маань гавьяа зүтгэл нэн их гэдгийг өнөөдөр онцлон тэмдэглэмээр байна.

Та бүхэндээ Онцгой байдлын байгууллага үүсч байгуулагдсаны ойн өдрийн мэндийг дахин хүргэж, өөдрөг гэгээн маргаашийн өдөр бүхэн дэлгэр байж, үйлс бүхэн өрнүүн амжилт дүүрэн, золбоо хийморь мөнхөд мандан бадрахын ерөөлийг дэвшүүлье.

Хүн ард маань амар амгалан байж, онцгой байдлын алба улам хөгжин бэхжих болтугай.

scroll to top