Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Төр, засаг, ард түмэн онцгой байдлын алба хаагчдаараа үргэлж бахархдаг

IMG_1176.png

Энэ өдрүүдэд Онцгой байдлын алба байгуулагдсаны 19 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын албаны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслолд оролцож, нийт бие бүрэлдэхүүнд болон тэдний гэр бүлд баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Тэрбээр онцгой байдлын алба хаагчид аюул, осолд нэрвэгдсэн хүмүүст цаг агаар, өдөр шөнийн ямар ч нөхцөлд цаг алдалгүй хүрч, амь нас, эд хөрөнгийг нь авран хамгаалж байдаг энх цагийн эгэл баатрууд гэдгийг тодотгов.

Мөн “Эр зориг, сахилга бат, ур чадвар, тэсвэр хатуужлын үлгэр дуурайл болсон алба хаагчдаараа төр засаг, ард түмэн үргэлж бахархаж байдаг. Энэ их итгэлийг зүтгэлээр хариулж, ажил албаа улам бэхжүүлэн хөгжүүлж явах учиртай” гэлээ.

Цаашид гамшиг осол, ялангуяа газар хөдлөлт, цар тахал, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан давтамж, хор уршиг нь нэмэгдэж буй аюулт үзэгдлээс ард иргэдээ хамгаалах чадавхаа сайжруулж, бүх нийтийн оролцоонд тулгуурласан гамшгаас хамгаалах үндэсний тогтолцоо бүрдүүлэн бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж үздэгээ тэмдэглэв.

scroll to top