Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +18…+23 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +23…+28 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +29…+34 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 3-8 м/с, +32…+34 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 23, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13…+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +23…+28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +28…+33 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Халгайт”-ын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 03:00 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 7х40 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны “Задгай” хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 12:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид очиж 30 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны “Булаг”-ийн 13 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 21:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Старекс” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны “Бэлх”-ийн 41 дүгээр гудамжинд граж шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 02:48 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 6х8 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо өсвөр насны хүүхэд мах машинддаг цахилгаан машины сэнсэнд гараа хавчуулсан тухай дуудлагыг 06.21-ний өдрийн 18:22 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Ү /9 настай, эрэгтэй/ махны цахилаан машинд гараа хавчуулсан байсныг “Холматро”-ын задаргааны багаж ашиглан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top