Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр +17…+22 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +24…+29 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +28…+33 градус дулаан  байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +19…+21 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон зүүн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13…+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +23…+28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 09:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.3 га орчим газарт өвс ургамал шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

ААН, байгууллагын өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан-Эрэг багийн 1 дүгээр хэсэг хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 10:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын эзэмшлийн 9х9 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн дээвэр шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 10:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 14х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 4 дүгээр хэсэг 5 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 04:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 2 метр хашаа, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, автомашины зай хураагуур, хаягдал автомашины тос шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Ширээ нурууны 20 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 04:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэн тодорхойгүй 8 ханатай гэр бүрэн шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Шувгалдай гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 240 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 75 км/-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 09:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж 06.22-ны өдрийн 16:00 цагт цурамд оруулж, 16:30 цагт бүрэн унтраасан. Хээрийн гал түймэрт 3600 га талбай өртөж шатсан.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, “Тамир” хороолол автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 08:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Л /36 настай, эмэгтэй/ “Пробокс” загварын суудлын автомашинтай замын шон мөргөж автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 10 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлэн өгсөн.

– Голын усанд осолдсон: Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн Орхон голын гүүр гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км, Сайхан сумаас баруун зүгт 20 км, Сант сумаас зүүн урд зүгт 18 км/-т “Орхон” голын усанд 1 том хүн, 1 хүүхэд осолдсон тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 17:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид иргэн С /23 настай, эрэгтэй/, М/9 настай, эрэгтэй/ нар усанд осолдсон байсан тул осолдсон газраас хойд зүгт “Хясаатай-Овоо” гэдэг газар хүртэл голын усаар завьтай, голын эрэг дагуу явганаар нийт 30 км-т, агаараас нисэгчгүй нисэх аппарат /дрон/-аар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 21:53 цагт түр зогсоосон. 06.23-ны өдрийн 04:50 цагт дахин эхлүүлсэн.

  Өндрөөс унах: Дорнод аймгийн Хэрлэн сумын (Сүмбэр) 9 дүгээр баг 4 дүгээр давхраас нэг иргэн орны даавуунаас зүүгдсэн байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 11:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б/35 настай, эрэгтэй/ айлд гаднаасаа цоожлогдсон 4 дүгээр давхрын цонхоор буух гэж байсныг 5 минут ажиллаж буулган аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн алба хаагчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top